Арга зүйч болон сургалтын менежерүүд зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-10 23:00:05

Ховд /МОНЦАМЭ/. БСШУСЯ-аас зохион байгуулж буй "Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын  менежерийг  чадваржуулах сургалт-зөвлөгөөн"  есдүгээр сарын 10, 11-нд Ховд аймагт болж байна. 

Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, улмаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх,  цаашид  бүх түвшинд чанартай, үр дүнтэй зохион байгуулах боломжийг  бий болгоход энэхүү зөвлөгөөний зорилго чиглэж буй.

Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны СӨБ болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга, сургагч багш нар болон Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч 472  хүн оролцож байна.

Оролцогчид багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцож байгаа юм.   

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ “Улс орны хөгжлийн шинэ гарц нь боловсрол төдийгүй цэцэрлэг, сургууль нь хүний хөгжлийн төв байх ёстой гэлээ. Энэ утгаараа сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулсан бөгөөд сурах бичгийг бүх сурагчдад номын сангаар дамжуулан олгох, суралцагчийн үнэлгээний журмыг шинэчлэх, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого батлан хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг шинэ ажил өрнүүлсэн гэж тэрбээр онцоллоо.

Энэ удаагийн зөвлөгөөнийг улсын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ баруун бүсийн аймгуудын зөвлөгөөнийг Ховд аймагт анх удаа зохион байгуулснаараа онцлог аж.

Цаашид Хөвсгөл, Өмнөговь, Дорнод болон нийслэл хотод цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийг төвлөрүүлэн чадваржуулах юм. 

Тус  зөвлөгөөний  үр дүнд  сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын  сургалтын бодлого,  үйл ажиллагааны өнөөгийн чиглэл, анхаарах асуудал болон хөтөлбөрийн хэрэгжилтэд арга зүйч, менежерийн гүйцэтгэх  үүрэг, хариуцлагын талаар нэгдсэн ойлголттой болно.

Улмаар багш, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, манлайллын чиглэлээр  зөвлөгөөний зөвлөмж гаргаж,  түгээн дэлгэрүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 



Холбоотой мэдээ