Залуучуудын холбооноос аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүллээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 11:31:14

Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооноос Засаг дарга Д.Тогтохсүрэнд нэгэн мэдэгдэл гардууллаа. Үүнд “Залуучуудыг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэж буй ажилд залуусын нэгдэл бүхий төрийн бус байгууллагуудыг жигд оролцуулах тухай шаарджээ.

Өвөрхангай аймагт хүүхэд, залуучуудын чиглэлээр 40 гаруй төрийн бус байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн Засаг даргын А/109 дүгээр захирамжаар баталсан “Залуусын хөгжлийн аян”-д тэдгээр байгууллагууд тэгш эрхтэй оролцож чадахгүй байгааг мэдэгдсэн байна. Тодруулбал Хас хэлхээ, Хүчирхэг үндэстэн, Соёмбот хангай, Залуусын элч, Хариуцлагатай залуу манлайлагч гэсэн хэдхэн төрийн бус байгууллагууд л уг үйл ажиллагаанд хамрагдаж,  3 сарын 28-аас эхлэн Бүхд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант сумдаар ажиллаад байгаа аж.

Тиймээс Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны тэргүүн А.Цэрэнтогтох Засаг дарга Д.Тогтохсүрэнгээс Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг зохион байгуулж, шийдвэр гаргахдаа нийт ТББ-ууддаа нээлттэй, ил тод зарлан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдээлж байхыг хүсчээ. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нь Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн ажлын хорооны даргаар ажиллаж байгаа учраас түүнд хандсан гэнэ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ