С.Бямбацогт: Ирээдүй үедээ баялгийн сангийн өгөөжийг хүртээнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-11 18:32:25
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгад оруулах төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг ТББХ-ны дарга С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим заалтад найруулгын өөрчлөлт оруулсныг танилцуулав. Тухайлбал, Үндсэн хуулийн 19.1.1-т “нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж өөрчлөн найруулах саналыг “нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж үйл ажиллагаа явуулна” гэж томьёолсон байна. Ингэснээр, нам улсын хэмжээнд бүтэц байгуулж ажиллана гэсэн ташаа ойлголтыг цэгцэлж байгааг онцлов. Мөн УИХ-ын нэр бүхий 20 гишүүний гаргасан саналын дагуу Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж дөрөв дэх өгүүлбэр нэмэх санал боловсруулжээ. Мөн Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна гэж шууд зааж томьёолсон нь найруулгын хувьд Улсын дээд шүүхээс Шүүхийн Ерөнхий зөвлөлийг захиргааны хувьд удирдах, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож болохоор ойлгогдож байгааг залруулж төслийн үзэл баримтлалд нийцүүлэн “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэж томьёоллоо. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангаж буй тухай тайлангаа Улсын дээд шүүхэд явуулах, үүгээр дамжуулан нийт шүүгчид болон олон нийтэд хүргэх механизм болох юм. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас дагаж мөрдөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулгад оруулах төсөл боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцууллаа. 


Танилцуулгатай холбогдуулан гишүүд төслийн найруулгатай холбоотойгоор ажлын багаас асуулт асууж, хариулт авав.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Үндсэн хуулийн 6.2-т “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулж буйг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гагцхүү “Үр өгөөж” хэмээх үгийг органик хуулиндаа тодорхой зааж өгөх хэрэгтэйг онцолсон. Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий баялгийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг түлхэх эрсдэл учруулж болзошгүйг анхааруулав. Учир нь дэлхий нийтээрээ байгалийн баялгаас татгалзах чиг хандлага руу орж байгааг тэмдэглээд, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй салбарт хүнд нөхцөлтэйгөөр оролцохоос татгалзах эрсдэлтэй хэмээв. 


УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг чухал амин сүнс нь Үндсэн хуулийн 6.2-т оруулж буй байгалийн баялагтай холбоотой өөрчлөлт гэдгийг цохон тэмдэглэв. Тэрбээр, “Үндсэн хуулийн одоогийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг төрийн өмч” гэсэн зохицуулалттай. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд, “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлийн баримтална” гэсэн өгүүлбэр нэмэх санал тусгасан. Харин Ерөнхийлөгчийн саналд, стратегийн ордыг ашиглахдаа, гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцаад, ашгийн 51-ээс доошгүй хувь нь төрд ноогдоно гэж санал гаргасан. Эдгээрийг хэлэлцүүлгийн үед нэгтгэн шийдвэрлэсэн. Үүний ач холбогдол нь ирээдүй үеийнхээ амьдрах орчныг баталгаажуулахын тулд байгалийн баялгийн өгөөжийг баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх явдал юм” хэмээв. Тэрээр, “үр өгөөж” гэдэгт татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно гэж өргөн утгаар нь ойлгоно гэж тайлбарласан. “Дийлэнх” гэдгийг 50+1 гэдэг байдлаар томьёолсон гэдгийг мөн онцолсон юм.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт оруулах гэж буй нэмэлтэд, “Стратеги” хэмээх гадаад үг орж буйг тодотгоод, энэ нь зарчмын хувьд зөв эсэхийг тодруулав. Мөн тэрээр, Үндэсний баялгийн санд баялгаа хуримтлуулж, онцгой нөхцөлд ард түмнээс санал асуулга авч зарцуулдаг байх санал хэлсэн. 


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Дээрх саналыг цаашдаа анхаарах нь зүй ч хэвшсэн ойлголтоор хандах хэрэгтэйг онцолсон. Тэрбээр, “Үндсэн хуульд прокурор гэдэг гадаад үг бий. Одоо стратеги гэдэг гадаад үг шинээр орох гэж байна. 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдэгт улсын хэмжээний, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний, эсвэл ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээний гэж тусгасан. Хэвшсэн энэ ойлголтоороо цааш явах нь зөв” хэмээсэн юм. 


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ ажилд зарцуулах хөрөнгийг Засгийн газартай ярилцсан эсэх талаар тодруулсан. Тэрбээр, “Ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 15 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хоёр дахин их мөнгөөр санал асуулга явуулж байгаа нь зөв үү” хэмээн асуув. 


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, СЕХ-ны мэдээлснээр, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 15 биш, 22 тэрбум төгрөг зарцуулж байсныг тайлбарлаад, Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн байгууллага, Архивын байгууллага гэх мэт өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах учир 29 тэрбум төгрөгийн зардлыг тооцсон хэмээв. ТББХ-ны хуралдаанаар төсвийг танах талаас нь хэлэлцэж байгааг мөн тэмдэглэлээ. 


Гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд оруулах, найруулгын засвар хийсэн саналуудын  талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн есөн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 


    Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана ” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн 4 дэх өгүүлбэр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тус тус дэмжлээ. 


    Түүнчлэн  төслийн 3 дугаар зүлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулан өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 93,3  хувь нь тус тус дэмжив.


Ингээд УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжснээр чуулганы хуралдаан 15 минут түр завсарлав. 


Энэ үеэр тус Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан үргэлжиллээ. Төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 


Тэрбээр, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.6.1.-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцолсон. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул  “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлая” гэсэн  саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүний  58 нь  дэмжив.  


Үргэлжлүүлэн “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 


Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ни өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. 


Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн  тусгажээ.  Түүнчлэн Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.


Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98,3 хувь нь  дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулгын  зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхаарууллаа.

Холбоотой мэдээ