Монголын хамгийн том лазер гэрлийн үзүүлбэр маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-12 14:25:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн ардчиллын өдөр”-ийн хүрээнд Монгол Улсад анх удаа хамгийн том лазер гэрлийн үзүүлбэр маргааш Д.Сүхбаатарын талбайд болно гэж Ардчилсан намаас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээлэв. 


НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон байна. Үүнээс гадна энэ жил Ардчилсан намыг байгуулсны 30 жилийн ой тохиож буй. Тиймээс Ардчилсан нам санаачлан Монгол Улсад анх удаа “Дэлхийн ардчиллын өдөр”-ийг тэмдэглэхээр шийдвэрлэж, бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. 


“Дэлхийн ардчиллын өдөр” маргааш Туушин зочид буудалд “Монгол Улс ардчиллын замаар-30 жил” сэдэвт онол практикийн хурлаар эхлэх юм байна. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд “Өчигдөр ба өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн, Хоолны амталгаат болон ховор чамин автомашины үзэсгэлэн дэлгэхээс гадна спортын уралдаан, тэмцээн болох аж. Түүнчлэн Ардчилсан хувьсгалаас хойших Монголын түүхийг өгүүлсэн дөрвөн боть номын нээлт болох юм байна. Ингээд оройн 19.00 цагаас Үндсэн ажил буюу “Light up Mongolia” лазер гэрлийн үзүүлбэр толилуулахаар төлөвлөжээ. 



“Гэрлийн үзүүлбэрийг толилуулахын тулд Монголд анх удаа хамгийн том буюу 140 метрийн урттай тайзыг Д.Сүхбаатарын талбайд зассан. Мөн гэрлийн үзүүлбэрийн үеэр урлагийн бүх оддын тоглолт хосолж, олон гэнэтийн бэлэг задарна” хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээлэлдээ онцоллоо. 


Ташрамд дурдахад, Монгол Улс болон зүүн Европын орнуудад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн 30 жилийн ойн хүрээнд,  дэлхийн 80 орныг хамарсан “Монгол бол ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 5-нд зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Ардчилсан намаас дөрөвдүгээр сарын 2-нд мэдээлж байв.

Холбоотой мэдээ