Сахуу, татран өвчний эсрэг вакцинд 3400 хүүхэд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-12 14:05:26

Ховд /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу сахуу, татран өвчний эсрэг вакциныг есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн  7, 15 настай хүүхдэд хийж байна

Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 3400 хүүхэд сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамрагдах юм.  

Анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн байгууллага болон ерөнхий боловсролын сургууль дээр нэгдсэн журмаар сахуу, татран өвчний эсрэг вакцин тарилга хийнэ. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид 7 болон 15 настай хүүхдээ вакцинд хамруулахыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Хүүхдийн эхээс авсан дархлал нь тодорхой хугацааны дараа буурч эхэлдэг тул дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хийлгэх шаардлагатай. Ингэснээр халдварт ба халдварт  бус өвчнөөс сэргийлэх дархлал тогтох давуу талтай гэнэ.

Сахуу, татрангийн эсрэг вакциныг бугалганы булчинд тарина. Вакцины товлолын нэгдүгээр тунг 7, хоёрдугаар тунг 15 настайд хийдэг аж.  

Холбоотой мэдээ