Хорватад 25 мянган дүрвэгч иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-21 12:13:52

ЗАГРЕБ. /Xinhua/. Хорват бүх хилээ хаасан хэдий ч тус улсын Сербитэй залгаа хилээр дүрвэгсэд ирсээр байна.

Ням гарагт 4000 орчим дүрвэгч хилийн ойролцоо орших Товарник хотод автобус, галт тэрэг хүлээж байжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ням гарагийн үдээс хойш Хорватын зүүн нутгаар, тэр дундаа, Товарник хотод бороо орох учир тус улсын эрх баригчид, бямба гарагт 2000 орчим дүрвэгч гадаа хонож, байдал улам муудаж болзошгүй байгаад санаа зовж байна гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, Хорват, Словенийн хилээр дамжин Словени руу 2000 дүрвэгч орж ирлээ гэж тус улсын цагдаагийн газар ням гарагийн өглөө мэдэгдэв.

Хилийн зурвасыг давах гэж хүлээсэн хэдэн мянган дүрвэгчийн жагсаалын улмаас автобус, ачааны машины цуваа үүсч Словенитой залгаа Хорватын хил дээр түгжрэл үүссэн байна.

Дүрвэгсдийн урсгалтай холбогдуулан онцгой байдал зарлаж, Хорватын нийслэл Загреб хот болон Словенийн нийслэл Любляна хот хоорондын галт тэрэгний чиглэлийг хаасан гэж Хорватын төмөр замын байгууллага мэдэгдэв.

Өнгөрсөн лхагва гарагаас хойш Сербиэс Хорват руу 25 мянган дүрвэгч орсон байна гэж тус улсын дотоод хэргийн яам өчигдөр мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд