Соёлын элч С.Саянцэцэг Солонгосын олон улсын хөгжмийн тоглолтод оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-20 14:38:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Олон улсын соёл, урлагийн “Сочо” холбооноос энэ оны есдүгээр сарын 17-нд Сөүл хотын “Илсин” соёлын танхимд Олон улсын хөгжмийн тоглолт зохион байгуулжээ. Энэхүү тоглолтод БНСУ-ын Сэжон их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Ли Ги Жон, Монгол Улсын төгөлдөр хуурч С.Саянцэцэг, Олон улсын хөгжмийн уралдааны шүүгч, төгөлдөр хуурч Пак Сөн Хва, Гуамийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч Стефен Беднарчук, АНУ-ын Эйл их сургуулийн судлаач бөгөөд БНСУ-ын Сонбин их сургуулийн профессор Ан Ми Хен, БНСУ-ын Сүгмен их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Жон Хэй Сү, АНУ-ын Арканзасын их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Наоки Хакутани нар  уран бүтээлээ толилуулсан байна.

Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг ОХУ-ын хөгжмийн зохиолч А.Спрайбин болон Монгол Улсын хөгжмийн зохиолч Ч.сангидоржийн бүтээлээс тоглож, солонгосын үзэгчдийн талархлыг хүлээжээ. Тоглолтыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны хамт олон болон тус улсад амьдарч, ажиллаж буй монгол иргэд, хөгжим судлаач нар үзэж сонирхсон байна.

Холбоотой мэдээ