Иргэд арилжаанд оролцохдоо заавал үнэт цаасны данстай байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-23 18:44:22

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн иргэдийн 70 гаруй хувь нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшдэг боловч үнэт цаасны дансаа нээлгээгүй, хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил хангагдаагүй байгаа тухай “Гүүдсек ҮЦК” ХХК-аас мэдээлэв. 

Тиймээс 1072 хувьцаагаа өөрийн нэр дээр баталгаажуулах, цаашлаад хувьцаагаа худалдах болон ногдол ашиг хүртэхийн тулд иргэд арилжаанд оролцох үнэт цаасны данстай байх шаардлагатай юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 тоот тогтоолын хүрээнд иргэдэд шаардлагатай мэдээллийг хүргэж дараах ажлыг “Гүүдсек ҮЦК” ХХК-тай хамтран богино хугацаанд зохион байгуулж ажиллахаар болжээ.

Тухайлбал үнэт цаасны дансаа нээлгэж хувьцаагаа баталгаажуулаагүй байгаа иргэдийн дансыг нээлгэх, өмнө нь данс нээлгэсэн үеэс иргэний бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн иргэдийн мэдээллийг шинэчлүүлэх, оюутны төлбөр, хишиг хувь болгон мөнгөн хэлбэрээр хүртсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцааны зөрөөтэй холбогдох гомдлыг Хөдөлмөр халамжийн нэгжээр дамжуулан шалгуулах, 2010-2019 онд нас барсан иргэдийн судалгааг гарган эзэмшиж байсан Эрдэнэс тавантолгойн хувьцааг өв залгамжлал хийлгэх материалыг урьдчилан бэлтгэж эхлэх,1990-ээд оны их хувьчлалын үеийн Цэнхэр тасалбарын хувьцаа, түүний ногдол ашгийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэхчлэн ажлуудыг яаралтай хийж байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 116 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаанаас 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэн бүрд нэг бүр нь 933 төгрөгийн үнэ бүхий 1072 ширхэг хувьцаа буюу 1 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшүүлэхээр заасан. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас 296 тоот тогтоол гаргаж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжааг хөрөнгийн бирж дээр үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан 12 дугаар сар гэхэд холбогдох бэлтгэлийг хангаж ажиллахыг даалгасан байна.

Холбоотой мэдээ