И-баримтын сугалааны тохирлоор 102 азтан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-09-25 21:26:43

Увс /МОНЦАМЭ/. НӨАТ-ын буюу И-баримтын 8 дугаар сарын сугалааны тохирлыг энэ сарын 22-ны өдөр улс орон даяар явуулсан. Энэ үеэр Увс аймгаас 102 азтан тодорсон байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 8-р сарын 1-30-ний өдрүүдэд худалдан авалт хийж, түүнийгээ e-barimt.mn-д бүртгүүлсэн иргэдээс эдгээр азтанууд тодорчээ.

Өнгөрсөн 7 дугаар сарын сугалаагаар Увс аймгаас таван сая төгрөгийн азтан нэг, нэг сая төгрөгийн азтан дөрөв тодорсон бөгөөд эдгээр хүмүүсийн хонжворын мөнгө дансанд нь орсон байна. Тэгвэл 8 дугаар сарын сугалааны азтануудаас нэг саяас дээш төгрөг хожсон хүн одоогоор аймгийн Татварын хэлтэст ирж бүртгүүлээгүй байгаа аж. Наймдугаар сарын сугалааны тохирлоор азтан болсон иргэдийнхээ тоогоор Увс аймаг улсын хэмжээнд сүүлээсээ 4-р байрт орсон байна.

Иргэдийн хувьд сугалааны дугаараа буруу оруулах, ялангуяа тоонуудын өмнөх хоёр англи үсгийг алдаатай шивэх үзэгдэл их байгаа аж. Иймээс тэрхүү хоёр үсгийг англиар томоор бичиж хэвших, сугалааны дугаар, үнийн дүнгээ баримттайгаа дахин дахин нягталж шалгасны дараагаар илгээж байхыг аймгийн Татварын хэлтсээс анхааруулж байна.  

 

Холбоотой мэдээ