Г.Нандинжаргал: Зүүн хойд Азид коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-09-27 11:48:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хөрөнгө оруулалтын “Discover Mongolia-2019 олон улсын чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр эхэллээ.

Чуулга уулзалтын үндсэн хуралдааныг УУХҮ-ийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн дарга Камерон Макрэй даргалж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхайн салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюутолгой хөгжлийн түнш” гэсэн эхний илтгэлийг тавилаа.

Чуулганыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын талаар бодит мэдээллийг хүргэдэг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай яриа хэлэлцээг өрнүүлэх боломж олгодог төр-хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм нэгэнт болсныг онцоллоо.



Чуулга уулзалтаар дамжуулан эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, салбарын хөгжлийн цаашдын чиг хандлагыг засаглал, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчинтой холбон хэлэхдээ, Манай улсад 1990-2018 онд нийт 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний 17.5 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа нь тус салбарын эдийн засагт эзлэх байр суурийг тод харуулж байна” гэв.

Гэсэн хэдий ч эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн тогтворгүй байдлаас шалтгаалан 4 жилийн дотор салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэх 262 хувиас хасах 70 хувь болтол савласан гашуун туршлага бий. Энэ нь нэг талаас уул уурхайн салбарын эдийн засгийн мөчлөг дагасан онцлогтой холбон тайлбарлаж болох хэдий ч нөгөө талаас манай улсын дотоод нөхцөл, байдлаас шууд шалтгаалж байсанд бид дүгнэлт хийх ёстой гэдгийг тэрээр хэлж байв.


Г.Нандинжаргал: Хувийнхны бизнесийн хурдыг төрийн компаниуд гүйцэхгүй байгаа нь бодит үнэн


Тэрээр, Монголын Бизнесийн зөвлөлтэй хамтран Монгол Улсад хайгуул болон олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн томоохон компаниудын төлөөллийг багтаасан “Орон тооны бус зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгааг дурдаад, “Энэ нь стратегийн хөрөнгө оруулагчидтайгаа нягт хамтран ажиллах, тэдэнд тулгамдаж буй зүйлийг илүү цэгцтэй, практик байдлаар шийдвэр гаргах боломжийг олгох зорилготой юм” гэдгийг тэмдэглэв.




Мөн түүнчлэн уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн сайн жишгийг нэвтрүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс“-ыг нэвтрүүлээд байгаа нь уул уурхайн компаниуд орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа төрийн байгууллагаас авдаг албан зөвшөөрлүүдээс гадна орон нутгийн иргэдээс олгодог нийгмийн зөвшөөрлөө авдаг болоход үнэтэй хувь нэмэр оруулах болно гэв.  

Уул уурхайн салбар дахь төрийн болон хувийн хэвшлийн компаниудын өрсөлдөөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа хэдий ч хувийн компаниудын бизнесийн хурдыг төрийн өмчит компаниуд гүйцэхгүй байгаа нь бодит үнэн юм. Төрийн өмчит компаниудад тулгарч буй дэд бүтцийн болон техник технологийн хоцрогдлыг нэгэн зэрэг даван туулах нь зардал өндөр, хугацаа шаардах ажил тул эдгээр компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар засаглал болон үр ашгийг нь нэгэн зэрэг дээшлүүлэх нь чухал байна гэв.

УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжих шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар, хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэлийг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгож, үүнтэй холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байгааг мэдээллээ.

IPO хийж төвлөрүүлсэн хөрөнгийг авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам.долларын төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Ингэснээр, нэгд, Монголоос экспортолж буй нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, хоёрт, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байна.

Цаашид нүүрсний салбарт дунд болон урт хугацаанд нүүрс-химийн үйлдвэрийг хөгжүүлэх, нүүрсний давхаргын метаны хайгуул, олборлолтыг эхлүүлэх нь бидний зорилтын томоохон хэсэг юм. Өнөөдрийн чуулганд оролцож буй хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.


“Discover Mongolia-2019 олон улсын чуулга уулзалт “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь” сэдвээр үргэлжлэн хуралдаж, уг хуралдааныг Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацын Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч А.Билгүүн даргалж байна.

Энд “Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын хандлага хэрхэн өөрчлөгдөв?” сэдвээр “Лайон Менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап, “Овоотын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болсон” талаар “Аспайр Майнинг лимитед”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл мэдээлэл хийж, “Алтны өндөр агуулга бүхий шинэ дүүргийг хөгжүүлэх нь” сэдвээр “Эрдэнэс Ресурс девелопмент корпорэйшн”-ийн ерөнхий захирал Петер Акерли нар илтгэл тавьж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ