О.Магнай Т.Аюурсайханыг шүүхэд өгнө гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-11 13:58:56

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд түүнтэй урьд нь хамт  ажиллаж байсан улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын хамт өөрийнх нь ажлыг хүлээн авсан Т.Аюурсайхан нь нэр бүхий сонин, сайтаар түүнийг илт гүтгэсэн мэдээллийг олон нийтэд тараасантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

ШӨХТГ-аас 2012 оны 10 дугаар сард “НИК” компани нь бензиний зохиомол хомсдол үүсгэж, иргэдийн дунд бухимдал бий болгосон гэх үндэслэлээр 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Тухайн үед энэ торгуультай холбогдуулж гурван шатны шүүх хурлаар ШӨХТГ-ын талд шийдвэрлэжээ. Гэхдээ шүүхээс АИ-92 шатахуунд л дахин торгууль тооцох шийдвэр гаргасан байна. ШӨХТГ-аас "НИК" компанийн өндөр хэмжээний торгуулийн асуудлыг шийдэх 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан боловч О.Магнай ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг гаргаж амжаагүй 2014 оны 12 дугаар сард ажлаа өгчээ. Тус хэргийг хариуцсан байцаагч нарыг нь ч ажлаас халсан байна. Үүний дараа Т.Аюурсайхан монополь эрхтэй “НИК” компанийн торгуулийг хүчингүй болгожээ. Энэ асуудлыг О.Магнай тодруулж яриад, “НИК" компани нь хуучин Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэгийн эзэмшдэг компани юм. Т.Аюурсайхан болохоор Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүс нэг түрийвчтэй олигархи бүлэглэл. Энэ нөхөд хуйвалдаж, “НИК”-д тавьсан торгуулийг хүчингүй болгочихоод, эцэст нь О.Магнай энд оролцсон мэтээр ярьж байна. Энэ асуудлаар Т.Аюурсайханыг хууль, хяналтын байгууллагад өгөх болно” гэж мэдэгдлээ.

О.Магнай мөн “Сүлжээ дэлгүүрүүдэд торгууль тавьчихаад, торгуулиа хүчингүй болгосон” гэдэгт ч хариулав. Тэрбээр, тухайн үед “Миний дэлгүүр”, “Номин”, “Макс” гэх томоохон сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгууль шүүхэд очоод гэрээ байгуулсан юм. Тухайлбал “Сүлжээ дэлгүүрүүд илэрсэн зөрчлөө бүрэн арилгана. Хэрэв дахин ийм зөрчил илэрвэл тавьсан торгуулийг үл маргалдах зарчмаар шууд төлнө” гэсэн утгатай гэрээ байгуулсан. Гэтэл үүнийг торгуулиа хүчингүй болгосон мэтээр тайлбарлаж байгаа нь шударга бус юм” гэв. Тэрчлэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр 40 тэрбум төгрөгийн торгууль тавьсан гэх  тоог хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна” гэдгээ ч хэллээ. Ийнхүү ШӨХТГ-ын хуучин дарга нарын маргаан шүүхэд очих нь тодорхой боллоо.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ