Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-09-29 15:31:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрээр аймаг орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагын дарга нартай уулзаж цаг үеийн мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар багтжээ.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймаг орон нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. 2019 онд аймгийн төсвийн орлогыг 50,9 тэрбум байхаар баталсан бөгөөд оны эхний 9 сарын байдлаар 35,1 тэрбумд хүрчээ. Тус аймагт 2017-2019 онд нийт 41,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс боловсрол болон эрүүл мэндийн салбарт түлхүү зарцуулагдаж, олон төрлийн бүтээн байгуулалт шинээр хийсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр аймаг орон нутгийн эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд ч дагаад өссөн дүнтэй байгааг онцлов.

Мөн сүүлийн хоёр жилд бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч отрын бүс нутгийг чөлөөлөх, экспорт болон арилжааны чиглэлээр хадлан хадахыг хориглосон зэрэг нь ихээхэн үр дүнтэй ажил болж, бусад аймагт туршлага болохуйц ажил болсныг ч тодотголоо. Цаашид Сүхбаатар аймаг дангаараа бус бүс нутгаараа хөгжих учиртайг хэлээд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Хөөт-Бичигтийн чиглэлд 216 км төмөр зам барих, Баруун-Урт–Бичигтийн чиглэлийн 272 км авто зам тавих, Бичигт боомтыг хөгжүүлэх гэсэн гурван томоохон ажилд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймаг орон нутгийн ажил өнгөтэй, өөдрөг байгааг сайшаагаад хамгийн гол нь төрийн албан хаагчид сахилга баттай, хариуцлагатай байхыг анхаарууллаа. Төрийн алба гэдэг хөнгөн шуурхай, хариуцлагатай, цаг хугацаатай байх ёстой. Ийм байж чадвал энэ аймаг орон нутгийн ажил илүү урагштай байх болно гэв.


Үүний дараа ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймагт шинээр барьсан уламжлалтын эмнэлгийн нээлт, Монгол Улсын ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулан босгосон гэрэлт хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. 

Холбоотой мэдээ