Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсныг дурсана

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-01 20:00:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн нэрт зохиолч Халтарын Билэгжаргалын мэндэлсний 65 жилийн ой энэ жил тохиож байна. Маргааш буюу  аравдугаар сарын 2-нд 16 цагаас ДБЭТ-т эрдэм шинжилгээний хурал болж, 19 цагаас Х.Билэгжаргал агсны дууны уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолт болно.

Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал 1954 онд  Завхан аймгийн Чандмань-Өлзийт (одоогийн Яруу) суманд төрсөн. 1960-1968 онд дунд сургууль, 1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсжээ. 1972-1976 онд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалгаж, ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид 1976-1982 онд Б.Гибалина, 1982-1984 онд А.Неминскийгээр багшлуулж мэргэжлийн хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлжээ.  1972-1975 онд Архангай аймгийн Багшийн сургуульд хөгжмийн багш, 1984-1987 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, 1988 оноос Улсын дуурь бүжгийн академик театрт хөгжмийн зохиолч,  1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны даргаар ажиллаж байв. 1998-2000 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар ажиллаж байлаа. 

Тэрбээр "Ламбугайн нулимс", "Гэрэл сүүдэр" дуурь,  "Бөртэ чоно" балет, "Ховор хүмүүс" киноны хөгжим, "Атга нөж" жүжгийн хөгжим, "Цахилж яваа гөрөөс" киноны дуу, "Миний Монгол", "Сүүтэй цагаан аялгуу" романс, "Зүүдний хайртай нутаг" дуу зэрэг олон бүтээлээрээ  Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Холбоотой мэдээ