Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ан амьтад жилээс жилд өсч үржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-02 14:54:23

Увс /МОНЦАМЭ/. Түргэн уулын Дархан цаазат газрын Ямаат хэсгийн байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатартай цөөн хором хөөрөлдлөө.


-Та өөрийнхөө хариуцан ажиллаж байгаа дархан цаазат газрын талаар мэдээлэл өгөөч. Ховор, нэн ховор ан амьтдын тоо толгой өсч үржиж байгаа юу?

-Миний хариуцаж байгаа Бөхмөрөн сумын Ямаат хэсэг 23 мянган га талбайтай. Энд дэлхийд нэн ховор цоохор ирвэсээс гадна шилүүс, аргаль хонь, янгир ямаа, халиу буга, уулын гахай, нохой зээг, хярс гэх мэт ховор ан амьтад элбэг бий. Эмийн ургамал ихтэй, гурван өнгийн нууртай гээд их сайхан байгальтай. Жилээс жилд л улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан өсч үржиж байна. Бид жил бүр биотехникийн арга хэмжээ авч ирсэн. Зэрлэг ан амьтдын амьдардаг орчинд жилдээ хоёр удаа давс, хужир хүргэж тавьдаг юм. Ингэснээр ховор ан амьтад байршлаа солихгүй, тогтвортой нутагшдаг. Намайг анх ажил авахад цоохор ирвэс их ховор байсан бол одоо тоо толгой нь харьцангуй өссөн.

-Хууль бусаар ан агнах зөрчил гардаг уу?

ргэдэд байгаль хамгаалах хуулийг сайн сурталчилж байгаа болохоор элдэв төрлийн зөрчил гарах нь эрс буурсан. Ялангуяа хориотой, хууль бус ангийн зөрчил бараг гардаггүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг руу буутай хүн, нохой дагуулсан хүн орох ёсгүй, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлэхийг хориглодог юм.

-Та байгаль хамгаалагчаар хэчнээн жил ажиллаж байна?

-Би байгаль орчны салбарт 29 дэх жилдээ ажиллаж байна. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа анх байгуулагдахад байгаль хамгаалагчаар ажилд орсноос хойш 25 дахь жилдээ ажиллаж байна. Анх таван байгаль хамгаалагч авч ажиллуулснаас одоо ганц би үлдсэн. Нөгөө дөрөв маань ажлаа сольдог нь сольж, бас зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

-Таны гавъяа шагнал гэвэл?

-Улсад ажиллах хугацаандаа өчнөөн шагнал хүртсэн. Тухайлбал, Хөдөлмөрийн хүндэт медаль, Байгаль орчны тэргүүний ажилтан, Мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан, Шилдэг байгаль хамгаалагч улсын уралдааны 2-р байрын эзэн, Аймгийн аварга байгаль хамгаалагч, аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг, аймгийн Хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль зэрэг шагнал хүртсэн.

Энэ ташрамд залуу байгаль хамгаалагч нартаа хандаад сонгосон мэргэжилдээ чин шударгаар ажиллахын зэрэгцээ эх болсон байгаль дэлхийгээ онгон дагшнаар нь хайрлан хамгаалж яваарай гэж захих байна.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ