Эзэнгүй айлуудыг зааж өгч хулгай хийлгэсэн нь тогтоогдов

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-07 19:01:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Хулгайчдыг Хэнтий аймгаас дуудаж эзэнгүй айлуудыг зааж өгч хулгай хийлгэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар цагдаагийн газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат мэдээлэл өглөө.

Сүүлийн үед Хэнтий аймгийн хэмжээнд мал хулгайлах болон орон байрны хулгайн хэрэг ихсэх хандлагатай байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг судалж үзэхэд эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотоос ирсэн залуус байжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус аймаг дахь цагдаагийн газарт ирсэн нийт 92 дуудлага мэдээллийн дийлэнхийг зөрчлийн шинжтэй дуудлага эзэлсэн байна.

Тухайлбал замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, орон байрны хулгайн гэмт хэргүүд өмнөх долоо хоногтой харьцуулахад буурахгүй байгааг хэлж байлаа. Тэр дундаа орон байрны хулгайн гэмт хэрэг зонхилж байгаа нь иргэдийн өөрсдийнх нь хайхрамжгүй байдалтай холбон тайлбарлаж болохоор байна гэлээ.

Одоогоор нийт дуудлага, мэдээллийн 50-60 хувийг илрүүлэн шийдвэрлээд байгаа аж.

Холбоотой мэдээ