Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-09 09:47:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. БНСУ-ын Янжу хотын “Манай эмнэлэг”-ийн Ерөнхий захирал Жон Ен Иль-ээр ахлуулсан албаны хүмүүс Баянхонгор аймагт энэ сарын 7-9-ний өдрүүдэд ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар нар өнгөрөгч сард БНСУ-д албан айлчлал хийх үедээ Баянхонгор аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр зууч, техник технологийн зэрэг хэд хэдэн  салбарт нэн шаардлагатай асуудлуудыг холбогдох албаны хүмүүст танилцуулж хөрөнгө оруулах санал тавьжээ. Энэ хүрээнд албан айлчлал хийж буй БНСУ-ын талынхныг аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүлээж авч уулзан, аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Үүний дараа Засаг дарга Г.Батжаргал БНСУ-ын Янжу хотын “Манай эмнэлэг”-ийн Ерөнхий захирал Жон Ен Ильтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичиг нь Монгол-Солонгос улсын найрамдалт харилцааг хөгжүүлэх, аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эмчилгээ шаардлагатай иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тусламж үйлчилгээ үзүүлэх, “Манай эмнэлэг” болон аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудыг нарийн мэргэжлээр сургаж, чадавхжуулах, “Эмч солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлэх, Баянхонгор аймгаас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай иргэдийг зуучилж, хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг тусгаж, ажил хэрэг болгохоор хоёр тал ийн үзэглэсэн юм. 

Холбоотой мэдээ