НИТХ нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-08 11:59:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 10.00 цагт товлоод байсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 11.30 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж байна. Мөн 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулж байна.

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд амьдрах орчны аюулгүй байдлыг сайжруулж, эрүүл мэндийн тусламж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад онцлон анхаарч тусгасан талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэв.

Тодруулбал, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулахаар хууль сахиулах байгууллагын бааз суурийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбар, тэр дундаа яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаа болон хот тохижилтын ажлыг сайжруулахад түлхүү анхаарч 2020 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг боловсруулжээ. 


НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмын төслийг хэлэлцэх юм. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит 28-р хуралдааны товыг зарлах юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ