“Brexit”-ийн хугацааг дахин хойшлуулахыг зөвшөөрөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-09 09:14:12

ЛОНДОН. /TASS/. Хэрэв Лондоноос хүсэлт гаргасан тохиолдолд Их Британийг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гаргах хугацааг дахин хойшлуулахыг зөвшөөрөхөд бэлэн байна гэж Европын парламентын /ЕП/ дарга Давид Сассоли Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой мягмар гарагт Брюссельд уулзсаныхаа дараа мэдэгджээ.


“Хугацааг хойшлуулах асуудлын тухайд хэрэв ямар нэг шалтгаан эсвэл зорилго байгаа бол Европын парламент ийм боломжид нээлттэй. Гэхдээ хойшлуулах хүсэлтийг Их Британиас гаргасан байх ёстой. Тус улсын улс төрийн маргаан эсвэл хууль, эрх зүйн асуудлуудын хувьд би тайлбар өгөхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.


Сассолигийн хэлснээр, Брюссель, Лондоны хооронд хийж буй хэлэлцээнд одоогоор ахиц дэвшил гараагүй байгаа аж.


“Одоогийн байдлаар “Brexit”-ийг хойшлуулах эсвэл гэрээ байгуулахгүйгээр хэрэгжүүлэх гэсэн хоёр хувилбар байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. “Гэрээ байгуулахгүйгээр гарах асуудлын хувьд энэ нь маш сөрөг үр дүнд хүргэнэ гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Энэ нь хоёр тал, ялангуяа Их Британийн хувьд эдийн засгийн хохиролтой. Түүнчлэн энэ нь Ирланд аралд маш ноцтой хохирол учруулахаас гадна, бизнес эрхлэгчид, ялангуяа иргэдийн эргэлзээг нэмэгдүүлнэ. Хэлэлцээргүй Brexit-ийн хариуцлагыг Их Британийн Засгийн газар хүлээх нь гарцаагүй болно" гэж ЕП-ын дарга нэмж хэлээд ЕХ сөрөг хувилбарт бэлтгэх шаардлагатай арга хэмжээг авсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


Умард Ирландын хилийн асуудлаар тавьсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны шинэ саналыг Германы Канцлер Ангела Меркель эсэргүүцлээ гэж радио, телевизийн Би-Би-Си компани мягмар гарагт Жонсоны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилсан байна. Үүний дараа Их Британийн эрх баригчид ЕХ-той гэрээ байгуулах нь “үндсэндээ боломжгүй зүйл” гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ