Мадагаскарын арми төрийн эрх мэдлийг гартаа авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНТАНАНАРИВУ, 2025 оны аравдугаар сарын 15 /DW/. Мадагаскарын цэргийнхэн төрийн эрх мэдлийг цэргийн зөвлөлийн хяналтад шилжүүлснээ зарлажээ. Тус зөвлөлд цэрэг, жандарм болон үндэсний цагдаагийн төлөөлөл багтсан байна.
Энэ үйл явдал Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуэлина хилийн чанад руу зугтан гарсан тухай мэдээлэл гарснаас нэг хоногийн дараа болж байна. “Бид төрийн эрхийг өөрсдийн гарт авлаа” гэж хурандаа Майкл Рандрианирина үндэсний радиогоор мэдэгджээ.
Үндсэн хуулийн хэрэгжилтийг түр зогсоосноос гадна, Мадагаскарын парламентын доод танхимаас (Үндэсний ассамблей) бусад бүх төрийн байгууллагыг тараасан байна. Төрийн эрхийг цэргийнхэнд шилжүүлсэн тухай зарлахаас хэдхэн минутын өмнө Үндэсний ассамблейд Разуэлинаг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах санал хураалт болж, депутатууд түүнийг огцруулахыг дэмжсэн байна.
Цэргийн зөвлөлд мөн 2009 оны төрийн эргэлтээр Андри Разуэлинаг төрийн эрхэнд гарахад тусалсан цэргийн элит анги нэгтгэл болох CAPSAT-ын гишүүд багтжээ.
А.Разуэлина олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр аравдугаар сарын 12-нд Францын цэргийн онгоцоор эх орноосоо гарч явсан тухай өчигдөр мэдээлсэн. Францын “RFI” радиогоор мэдээлснээр, тэрбээр эх орноосоо явах талаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой зөвшилцсөн ажээ.
Мадагаскарын Ерөнхийлөгч хилийн чанад руу зугтан гарсан гэдгийг парламент дахь сөрөг хүчний удирдагч Ситен Рандрианасолониаико баталжээ. “Бид ерөнхийлөгчийн засаг захиргааныхантай ярьсан. Ерөнхийлөгч эх орноо орхин явсан гэдгийг тэд баталсан” гэж тэрбээр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Түүний хэлснээр, А.Разуэлина армийн анги нэгтгэлүүд жагсагчдын талд орсны дараа эх орноосоо зугтахаар шийджээ.
Харин А.Разуэлина 13-ны орой “Facebook”-ээр дамжуулан ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, огцрохгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мөн улс орноо орхин явсан болохоо баталж, энэ шийдвэрийг амь насаа хамгаалах зорилгоор гаргасан гэж тайлбарласан байна. Одоо хаана байгаагаа тэрбээр хэлээгүй байна. Сөрөг хүчнийхэн түүнийг огцруулж, хариуцлага тооцохын тулд парламентын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.