Эрдэс баялагтай эко хоол шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-09 16:20:53

Ховд /МОНЦАМЭ/. Иргэдэд хүнсний бүтээгдэхүүн зөв сонгох мэдлэг олгох, гэр бүлийн эрүүл хооллолтыг дэмжих зорилго бүхий  “Эрдэс баялагтай эко хоол” шалгаруулах тэмцээн боллоо.

Энэ удаагийн тэмцээнийг Ховд аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо санаачлан, Жаргалант сумын 12 багийн эмэгтэй гишүүдийн дунд зохион байгуулснаараа онцлогтой.

Энэхүү тэмцээнд Жаргалант сумын 12 багийн эмэгтэйчүүдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцсон.  

Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Жаргалант сумын Цамбагарав баг, дэд байрт Жаргалан баг,  гуравдугаар байрт  Буянт баг, тусгай байрт Бугат баг, Тахилт баг тус тус шалгарчээ.

Эдгээр багууд хоол хийхдээ  ихэвчлэн  бор гурил,  улаан буудай, бор будаа, овъёос, байцаа, лууван, жимс жимсгэнэ, тараг, цөцгий, өөхгүй мах зэргийг ашигласан байлаа. Мөн давс, чихэрлэг багатай хоол хүнс хэрэглэхийг зорьж байна гэж ярьж байсан юм.  

Цаашид Ховд аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос уг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулна гэж албаны эх сурвалж хэллээ. Мөн тэмцээнд оролцогч багуудын шилдэг эко хоолны жорыг түүвэрлэн гарын авлага, сургалтын материал бэлтгэн гаргахаар зорьж байна.

Тэмцээний үр дүнд иргэд өдөр тутам эко бүтээгдэхүүн сонгон хэрэглэх хэвшлийг бий болгох, харилцан туршлага судлах боломж бүрдэх давуу талтай юм.

Холбоотой мэдээ