Б.Далайхан: Бүргэд байгалийн жамаар тоо толгой, экологийн тэнцвэрээ хадгалж байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-09 17:35:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүргэдээр ан хийх уламжлал 7000 орчим жилийн өмнө Төв Азийн нүүдэлчдийн дунд үүссэн гэж судлаачид үздэг. Харин уг уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол юм. Бид энэ удаа манай улсад шувуулахуйн урлагийг хөгжүүлэх, сурталчлах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа бүргэдчдийн төлөөлөл болох Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэн Б.Далайхантай ярилцлаа. 

 

- Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Би Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат. Миний хувьд Бүргэдчдийн баярыг анх зохион байгуулсан хүмүүсийн нэг. Анхны тэмцээнээс хойш алгасалгүй энэ жил 20 дахь удаагаа оролцлоо. Бүргэдчдийн маань тоо өсөж, залуужиж байгааг хараад баярлаж байна.

- Гартаа барьж байгаа бүргэдийнхээ талаар ярихгүй юу?

- Бүргэд маань дөрвөн настай. Гаршуулснаас хойш дөрөв дэх жилдээ барьж байна.

- Бүргэд хэд насалдаг вэ?

- Эрт дээр үеэс бүргэдийг 30 насалж, дөрвөн наснаасаа үржилд ордог гэж үздэг. Түүний гуравны нэгтэй нь тэнцэх хугацаа буюу 5-10 жил ан агнахад ашиглаад байгальд нь буцаан тавьдаг юм.

- Бүргэдчин болсноос хойш хэдэн бүргэд гаршуулан сургасан бэ?

- Бүргэдээр ан агнаад 36 жил болж байна. Энэ хугацаанд 20-оод бүргэд барьсан. Ер нь бүргэд болгон дайчин байдаггүй. Анд буух үеэр гэмтэл авдаг асуудал ч гардаг. Энэ мэт хүчин зүйлсээс болж гаршуулсан бүргэдээ богино хугацаанд байгальд буцаан тавьсан тохиолдлууд байна.

- Энэ бүргэдээрээ хэр олон ан агнав?

- Одоогоор ганцхан үнэг бариад байгаа.

- Аливаа ажил болгонд өөрийн гэсэн бэрхшээл байдаг. Бүргэдчдэд тулгамдсан ямар асуудал, хүндрэл байдаг вэ?

- Бэрхшээлгүй юм гэж байхгүй шүү дээ. Хоббигоороо бүргэд барьдаг болохоор тулгамдсан асуудал болгоныг бэрхшээл гэж тоодоггүй юм.

- Сүүлийн үед аялал жуулчлал хөгжиж байгаатай холбоотой олон хүмүүс бүргэд гаршуулдаг боллоо. Таны хувьд бүргэдээ орлогын эх үүсвэр гэж үздэг үү?

- Би хорин хэдэн наснаасаа бүргэдчин болсон. Намайг бага байхад нагац нар маань бүргэд барьдаг байлаа. Тэдний ангийн үргээгчээр явж байгаад бүргэдийн хоббитой болсон. Бүргэд намайг дотроос минь тэжээн тэтгэж, баяр баясгалантай болгодог. Өөр юмаар төсөөлөхгүй. Сүүлийн үед Монголын казахуудын шувуулахуйн урлаг дэлхийд танигдаж, үүнийг үзэхээр маш олон жуулчин манай орныг зорин ирж байгаа нь бас бахархууштай хэрэг.

- Бүргэдийг аялал жуулчлалд ашиглах нь тэдний тоо толгой цөөрөхөд нөлөөлж магадгүй гэж зарим хүмүүс хэлдэг. Олон жил бүргэд барьсан хүний хувьд уг асуудалд ямар тайлбар хэлэх вэ?

- Яг тэгж дүгнэх нь буруу байх гэж боддог. Бүргэд бол тэнгэрийн амьтан шүү дээ. Эмэгчин бүргэд ангаахайнууд нь нисэж, хоолоо олж идэх чадвартай болох хүртэл ойролцоогоор нэг сар 20 хоног орчим дэргэд нь байж, ан агнахад сургадаг. Дараа нь аяны шувууд буцах үед аль нэг салхи шуургатай өдөр ангаахайнуудаа дагуулж 500-1000 орчим км газарт аваачдаг. Тэднийг тухайн газарт төөрүүлж орхиод өөрөө эзэмшил ууландаа буцаж ирдэг. Уулын бүргэд үүрээ орхихгүй гэдэг нь энэ байгаа юм. Харин алс хол газарт үлдсэн ангаахайнууд шинэ газартаа дасан зохицож тэндээ үлддэг. Зарим нь төрсөн нутгаа эргэх нь ч бий. Харин эсрэгээрээ өөр нэг газарт төрсөн ангаахайнууд дээрхтэй адил эхийгээ дагаад манай нутагт ирдэг. Ийнхүү бүргэд байгалийн жамаар тоо толгой, экологийн тэнцвэрээ хадгалж байдаг юм.   

- Бүргэдээр голдуу ямар ан бариулдаг вэ?  

- Ихэнхдээ үнэг, туулай л барина.

- Зарим бүргэд чоно барьдаг гэж хүмүүс ярьдаг. Таны хувьд ийм тохиолдол байна уу?

- Олон сайхан дайчин бүргэдтэй байсан. Гэхдээ чононд ойртож очсон болохоос барьсан тохиолдол байхгүй.

- Гаршуулах бүргэдээ байгалиас яаж барьж авч байна?

- Олон арга байгаа. Ангаахай байхад нь үүрнээс авч байна. Хавхаар барьж байна. Уулнаас барьж авах тохиолдол ч бий.

- Таны удамд бүргэдчид хэр олон байсан вэ?

- Манай аав, өвөө нар бүргэдчид биш, хурдан морь унадаг уяачид байсан. Нагац тал маань долоон үеэрээ бүргэдчин хүмүүс. Тэр хүмүүсээс өвлөж авсан гэж хэлж болно.

- Хүүхдүүдээ энэ урлагаар хичээллүүлж байна уу?

- Би хоёр хүүтэй. Хоёулаа бүргэдийн хоббитой. Ажлаа ч хийгээд, хажуугаар нь бүргэдээ ч бариад явж байна. Бүргэдийг нь би өөрөө сойж, тэжээж өгдөг.

- Бүргэдчдийн баярт 20 дахь удаагаа оролцож байна гэж дээр хэллээ. Ямар амжилт гаргаж байв?

- Бүргэдчдийн баярын хоёр түрүүг авч байсан. Улаанбаатарт нэг удаа, Баян-Өлгийд нэг удаа нэгдүгээр байрт шалгарсан. Түүнээс гадна удаа дараа эхний хоёр, гуравдугаар байруудад орж байлаа.     

- Ярилцлага өгсөн явдалд баярлалаа.

Холбоотой мэдээ