Нарендра Моди, Си Жиньпин нар уулзана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-10-10 07:28:28

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Ерөнхий сайд Нарендра Модитой энэ долоо хоногт уулзана гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгджээ.


"БНХАУ-ын даргын Энэтхэгт хийх албан бус айлчлал баасан гарагт Ченнай хотоос эхэлнэ. Энэтхэг, БНХАУ-ын удирдагчид хоёр талын, бүс нутгийн, дэлхий дахины асуудлуудын талаар хэлэлцэнэ" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.


Хятад, Энэтхэгийн хамтын хүчин чармайлт зөвхөн хоёр орны хөгжилд хувь нэмрээ оруулах төдийгүй эдийн засгийн даяарчлалыг бэхжүүлж, харилцан ашигтай байдлыг хамгаална гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Си Жиньпин Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай Бээжин хотноо уулзсаны дараа дээрх уулзалт болох бөгөөд Энэтхэг, Пакистаны эрх баригчид Кашмир бүсийн асуудлаар хэлэлцэнэ хэмээн найдаж буйгаа Бээжингийн засаг захиргаа илэрхийлсэн байна.


Энэтхэг улс Жамму ба Кашмир бүсийн онцгой статусыг хүчингүй болгосноос хойш Энэтхэг, Пакистаны харилцаа хурцаджээ. 

Холбоотой мэдээ