МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-13 09:50:27

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоож, барьцааны хүмүүсийг суллахаар болсныг сайшааж, тогтворгүй бүс нутагт бат бөх энх тайван тогтоох боломжийг ашиглахыг Ойрх Дорнодын холбоотнууддaa уриалахаар Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Израил, Египетийг зорьжээ.


2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийснээс үүдэлтэй дайныг бүрмөсөн зогсоох зорилготой Д.Трампын хэлэлцээрийн эхний үе шатыг Израил болон ХАМАС-ын талууд хэрэгжүүлж эхлээд буй эмзэг цаг мөчид энэхүү айлчлал болж байна.  


Д.Трамп Ойрх Дорнодын бүс нутгийг өөрчлөх, Израил болон Арабын хөрш орнуудын хооронд удаан хугацаанд үргэжилсэн түгшүүртэй харилцааг сэргээх боломж бий гэж үзэж байна. “Дайн дууссан” гэж Д.Трамп Газын зурвасаас барьцааны хүмүүсийг суллахаас өмнөхөн тус бүс нутаг руу хамт явж буй сэтгүүлчдэд хэлжээ.


“Хүмүүс дайнаас залхаж байна гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлээд, энэ шалтгаанаар гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа онцлон хэлсэн байна. Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч хэлэхдээ, Газа дахь ХАМАС, Ливан дахь Хезболла зэрэг Ираны гар хөл болсон хүмүүсийг устгахад өөрийнх нь засаг захиргаа дэмжлэг үзүүлсний дүнд энэ цаг мөч ирснийг дурджээ.


Араб болон лалын шашинт улсууд Израил-Палестины хооронд олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дахин анхаарлаа хандуулж, АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж байгаа тул зорилгодоо хүрэхэд ойртож байна гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.


Д.Трамп бүс нутгийн чинээлэг тоглогчдыг дайны хөлд сүйдсэн Газын зурвасыг сэргээн босгох ажилд манлайлан оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн боловч энэхүү үйл хэрэгт олон жил шаардагдахыг хүлээн зөвшөөрчээ. Энэ оны хоёрдугаар сард Д.Трамп Газын зурвасыг Ойрх Дорнодын Ривьера” болгон дахин хөгжүүлэх боломжтой гэж хэлж байлаа. Харин ням гарагт “Air Force One” онгоцонд энэ талаар ярихдаа тэрбээр илүү болгоомжтой хандсан байна.

Холбоотой мэдээ