Татварын хуулийн шинэчлэлийн талаар иргэдэд мэдээлэл өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2020 оны
нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх татварын хуулиудын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг
татвар төлөгчдөд танилцуулах зорилгоор аймгийн Татварын албанаас “Татварын хуулийн шинэчлэл”
нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Аймгийн Татварын албаны дарга М.Туяацэцэгээс тус өдөрлөгийн
зорилго, ач холбогдлын талаар тодруулахад, “Орчин үеийн татварын систем
үүссэнээс хойш 28 жил болж байна. Энэ хугацаанд татварын эхний шинэчлэлийг
2007 онд хийж байсан бол одоо хоёрдахь шинэчлэлээ хийж байна. Үүний хүрээнд
татварын багц хуулиуд
шинэчлэгдэж, өөрчлөлтүүд орсон. Татварын систем жилээс жилд сайжирч, иргэдэд учруулах
хүндрэл бэрхшээл, татварын байцаагч нарын ачаалал буурч байна. Өмнө нь татварын төрөл болгон дээр тусгай
програмтай, 24, 25 төрлийн програм дээр ажилладаг байсан бол одоо татварын шинэчлэлтэй холбоотойгоор
татварын удирдлагын нэгдсэн системтэй болж байна. Бүх бүртгэл цахимаар хийгдээд, иргэд
өөрсдөө ямар татвар төлөхөө харж, өөрийнхөө кодоор ороод татвараа төлөөд явах
боломж бүрдэж байгаа. Тэгэхээр татварын ачаалал буурч, байцаагчдын хариуцлага
нэмэгдэж, татвар төлөгчдөд илүү таатай татварын орчин бий болно” гэлээ.
Аймгийн татварын албанаас татвар төлөгчдөд илүү мэдээлэл
өгөх зорилгоор энэ сарын 8-11-нд өдөр бүр байгууллага дээрээ сургалт зохион
байгуулж, татварын шинэчлэлийн талаар
илүү их сурталчилж таниулна гэдгээ тус албаны байцаагчид мэдэгдлээ.