Гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 14:24:37

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нуугдмал шинжтэй, хохирогч нь үнэнээ бусдад дэлгэхийг хүсдэггүй эмзэг асуудал юм. 2015 онд Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1356 хэрэг бүртгэгдсэн байна. Сүхбаатар аймагт ч энэ байдал жил ирэх тусам өсч буйг мэдэгдлээ.

Сүхбаатар аймагт 2016 оны 1-р улиралын байдлаар ахуй хүрээнд танхайрсан, агсам согтуу  тавьсан гэх 74 дуудлага ирсэн. Үүнээс 7 гомдол мэдээлэлд эрүү үүсгэн шалгаж байна. Гэр бүлийн асуудал гэдэг нуугдмал шинжтэй байдаг. Ямар нэгэн асуудал үүсэхэд нөхрийнхөө ажил алба, нэр хүндийг бодоод нуугаад өнгөрдөг. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр ажилгүй, энгийн иргэдэд хамааруулж ойлгож болохгүй, олны танил, өндөр албан тушаал хашдаг хүмүүс ч гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогддог гэдгийг хэлж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг удаа дараалан үйлдсэн тохиолдолд эрх хязгаарлах арга хэмжээ авдаг болжээ. Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүх, ХЭҮК-ын Сүхбаатар  аймаг дахь салбар, Эрүүл мэндийн байгууллагууд уг асуудалтай тэмцэх талаар хамтран ажиллая гэхээр нэгдмэл бус байсан гэнэ. Иймд Цагдаагийн байгууллагаас санаачлан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах баг байгуулах тухай аймгийн иргэдийн хурлын тогтоол гарчээ. Ер нь жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж буйг Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэлийн асуудал хариуцсан байцаагч, ахлах дэслэгч Б.Ариунтуяа онцоллоо.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ