Сайжруулсан түлшнээс эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-14 13:36:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Угаарын хийд хордсон гэх айл өрхөөс авсан сайжруулсан шахмал түлшний дээж болон Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн түлшийг лабораторид шинжлүүлэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис илрээгүй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээллээ.


Тодруулбал, ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн энэ сарын 12-ны элементийн шинжилгээгээр, 63.8-65.9 хувь нь нүүрстөрөгч, 3.7-3.9 хувь нь ус төрөгч, 1.6-1.7 хувь нь азот, үлдсэн нь хүчилтөрөгч байна гэсэн дүн гарчээ. Мөн барьцалдуулагчийн шинжилгээгээр 18-19.9 хувь нь усанд уусдаг цардуул агуулсан хольц, шатдаггүй эрдэс хэсгийн үндсэн бүрэлдэхүүн нь цахиурын оксид бөгөөд 43.6-44.1 хувь, альфид 23.7-32.4 хувьд нь байна гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, сайжруулсан хатуу түлш нь стандартын шаардлага бүрэн хангахын сацуу, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй элемент, эрдэс илрээгүйг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн танилцууллаа.  Дээрх шинжилгээний хариу нь өмнө шинжлүүлсэн гурван лабораторийн дүнтэй зөрөөгүйг тэрбээр онцолж, гагцхүү иргэд шахмал түлш хэрэглэх стандарт хангах шаардлагатай байгааг санууллаа.


Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар зэрэг байгууллагын 98 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн сайжруулсан түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, барьцалдуулагчийг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дүн гарсныг энэ сарын 7-нд мэдээлж байв. 

 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Зурагт, Толгойт, Нисэх, Амгалан гэсэн таван газарт байрлуулсан хэмжигчийн зааснаар, нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн жилийн мөн үеэс харьцангуй багассан байгааг тус газраас мэдээлсэн. Тиймээс иргэд нийслэлийнхээ агаарын бохирдлыг багасгахад чармайж, сайжруулсан түлш хэрэглэх стандарт, технологийн горимыг мөрдөхийг холбогдох албаныхан сануулж байна. 


Шахмал түлш хэрэглэх зөвлөмж

    Сайжруулсан шахмал түлш хэрэглэхдээ, дараах технологийн зааврыг чандлан мөрдөхийг  нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. 

Түлшийг уламжлалт зуух, төслийн зуух, ханан пийшин зэрэгт түлэхэд асуудалгүй нь туршилтаар баталгаажсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Харин нам даралтын зуухтай айлууд зуух нь халахгүй байгаа тохиолдолд 7011-9400 утсаар дуудлага өгч зуухаа үнэ төлбөргүй засуулж, заавар зөвлөгөө авах боломжтой аж.






Холбоотой мэдээ