Дадал сум хамгийн багадаа 30000 жуулчныг хүлээн авах боломжтой болно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-15 10:59:29

Хэнтий /МОНЦАМЭ/ 2025 он гэхэд Хэнтий аймгийн Дадал сум хамгийн багадаа 30,000 жуулчныг хүлээн авах боломжтой болно хэмээн төслийн багийнхан тооцоолжээ.


Тодруулбал, тус суманд Азийн хөгжлийн банкны 19 сая ам. доллар буюу тавь гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлал” төсөл хэрэгжихээр болж, энэ сарын 10-ны өдөр нээлтээ хийсэн байна. Нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Р.Безайн, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон бусад албаны хүмүүс, нутгийн иргэд оролцов.

“Тогтвортой аялал жуулчлал” төсөл нь 2019-2024 он хүртэл Азийн хөгжлийн банкны 38 сая ам. долларын санхүүжилтээр Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн болон байгаль хамгааллын жишиг загварыг бий болгох зорилготой хоёр дэд төслийн хүрээнд хэрэгжих юм.

Үүний нэг  Хэнтий дэд төслийн хүрээнд 36 метр өндөртэй “Тэнгэрийн хаан” аялал жуулчлалын цогцолбор, Дадал сумаас тус цогцолбор хүртэлх 2.6 км хатуу хучилттай автозам болон 4.5 хэлхээ-км цахилгаан дамжуулах шинэ шугам, аялал жуучлалын бүсүүдэд нэвтрэх хяналтын нэвтрэх цэгүүд, тэмдэг тэмдэглэгээ, 50 автобус, 220 автомашины хүчин чадалтай гурван авто зогсоол барих, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлын цэгийг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийх аж. Түүнээс гадна Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулж, ажилтнуудыг чадавхжуулах, Дадал, Норовлин, Биндэр, Баян-Адрага сумын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна.


Нээлтийн үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ: “Аймаг маань уул уурхайгүйгээр хөгжих боломжтой гэсэн тооцоо бидэнд бий. Анх гурван жилийн өмнө 331 лицензтэй аймаг хүлээж авсан. Сүүлийн гурван жилд цөөлөх бодлого барьж, 105 лицензийг хүчингүй болгосон. Цаашид ч цөөлөх бодлого барина. Түүхэндээ анх удаа Хэнтий аймгийн төсөв 60 тэрбумд хүрч давлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хэнтий аймгийн төсөв буюу дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 400 тэрбум төгрөгт хүрч давлаа. Бид уул уурхайгүйгээр, түүхэн аялал жуулчлалаараа, ногоон хөгжлөөрөө Хэнтий аймаг хөгжих бололцоотой гэж үзэж байна” хэмээн онцоллоо.
Холбоотой мэдээ