Тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл 2” бүлэг нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-13 02:02:43

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгт Тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл 2” бүлгийг нээхээр аймгийн ЗДТГ, “JCI найрамдал” салбар хамтран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд аймгийн Засаг дарга А.Энхболд холбогдох албаны хүмүүстэй хамтарч уг бүлгийн ажилтай танилцлаа.

Тус цэцэрлэгийн “Сэрүүн асар”-ын өрөөг тохижуулж дууссанаар "Тэмүүлэл 2" бүлгийг нээхэд бэлэн болж төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцов. “JCI найрамдал” салбараас хэрэгжүүлж буй уг ажлын хүрээнд хөдөө орон нутагт анх удаа энэ цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл-1” бүлгийг өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд нээж байжээ. Тус бүлэгт хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны 12 хүүхдийг хамруулсан байна. Дархан сумын хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдаг гэсэн мэдээллийг аймгийн ЗДТГ-ын НХХ-ээс өгсөн. Шинэ бүлгийг нээснээр дээрх хүүхдүүдийн 50 хувийг СӨБ-д хамруулах боломжтой болно. Ингэснээр тэднийг үе тэнгийнхэнтэй нь зэрэгцэж суралцах боломж олгоно. Аймгийн Засаг дарга А.Энхболд:-“Улсын төсвийг харалгүй аймгийнхаа аж ахуйн нэгж байгууллага, ТББ-уудтай хамтарч энэ сардаа багтааж “Тэмүүлэл 2” бүлгийг нээнэ” гэлээ.

Мөн энэ өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, эрүүл мэндийг нь хамгаалах, нийгмийн тусламж дэмжлэг авах боломж олгох зорилго бүхий “Итгэлтэй ирээдүй” тусгай хэрэгцээт хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг “JCI Найрамдал” салбараас зохион явууллаа.

                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ