“Эко ноос” ноосны үйлдвэр бүтээгдэхүүнээ Япон улсад гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймагт байгуулдагдсан “Эко ноос” ноосны үйлдвэр нь жилд 2389.5 тн бохир ноос боловсруулж 1911.0 тн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Эднийх өнгөрсөн онд үндсэн 13 ажлын байр, түр 16 ажлын байрыг шинээр нэмэгдүүлж одоогийн байдлаар нийт 52 ажиллагсадтай болжээ.
2013 оны есдүгээр сард Чингис бондоос 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан тус үйлдвэр нь хонины бүдүүн, бүдүүвтэр ноосыг Япон улсын дэвшилтэт техник, технологиор боловсруулж хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай үйлдвэр хонины ноосоор ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. экспортод гаргах төлөвлөгөөтэй гэсэн. Экспортод гаргах стандартын шаардлагаа хангачихсан уу?
-“Үйлдвэр маань дотоодын болон Япон улсын амины орон сууцны барилгын дулаалгад өргөнөөр ашиглагдах хонины цэвэр ноосоор хийсэн барилгын дулаан, дуу чимээ тусгаарлах материалыг үйлдвэрлэдэг. Манайх одоогийн байдлаар үйлдвэрт хэвшүүлэх туршилтаар нийт 28 тн ноос боловсруулж 200 м3 бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанар стандартын сорилт шинжилгээнд явуулж дотоодын болон Япон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж аваад байна. Эдгээр бүтээгдэхүүнээрээ дотоодын барилгын материалын үзэсгэлэн болон БНХАУ, Япон улсад гарсан үзэсгэлэн яармагуудад “Хаан ноос” бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцсон.
-Танайх бүтээгдэхүүнээ Япон улсад гаргах юм уу? Гэрээ байгуулсан уу? Хэдийнээс гаргаж эхлэх вэ?
-Бид бүтээгдэхүүнээ Япон улсын зах зээлд энэ оны долдугаар сараас нийлүүлэхээр тус улсын “Скай групп”-тэй хамтарч ажиллаж байна. Барилгын материалын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахаар тус улсын хэд хэдэн компанитай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан.
-Хөрөнгө оруулалтаа яаж шийдсэн бэ? Гаднаас хөрөнгө оруулалт авсан уу? өөрийн хөрөнгөөр шийдсэн үү?
-Чингис бондын хөрөнгөнөөс дэмжлэг авсан. Манай “Эко ноос” үйлдвэр Япон улстай хамтран барилгын дулаалгын материалыг хонины ноосны хялгасаар үйлдвэрлэхээр болсон. Бид бүтээгдэхүүнээ эхний ээлжинд шууд Япон улс руу гаргах юм. Үүний шалтгаан нь манайд барилгын дулаалгад шилэн хөвөн, хөөсөнцөр зэргийг түлхүү ашигладаг тул худалдан авалт олдох магадлал бага гэж үзсэнтэй холбоотой. Гэвч хонины ноос дотроо хөндий учир дулааныг сайн хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавьж үрждэггүй болгосон онцлог бий. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь нэгдүгээрт, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг судалж тогтоосон.
Б.Норовсамбуу