М.Очирбат: Монголын геологичид дэлхийн түвшинд ажиллаж байна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-10-16 14:18:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Ойн хүрээнд “Монголын геологи-80” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр болж байна. УУХҮЯ, АМГТГ, ШУА-ийн Геологийн болон палеонталогийн хүрээлэн, МУИС, ШУТИС хамтран зохион байгуулж буй хурлыг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээв. Тэрээр хэлэхдээ, манай улсын геологийн салбарын хөгжлийг Монголын геологичид орчин үеийн өндөр технологийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж эзэмшин олон орны геологичидтой мөр зэрэгцэн ажиллаж, төрөл бүрийн судалгаа болон хайгуулын төслүүдийг хэрэгжүүлж буйгаар онцлон хэлсэн юм.


Монголын геологичид барууны өндөр хөгжилтэй орнуудын геологийн байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна бусад улс оронд ч ажиллах болсон нь манай геологичид, геологийн салбар олон улсын түвшинд хүрснийг илтгэнэ гэж байв.

Монголын геологи өнөөдөр бие даасан салбар болтлоо хөгжиж, нийт нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, гидрогеологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулж чадсаныг олон улсын хуралд илтгэл тавьж буй мэргэжилтнүүд тэмдэглэн хэлж байна. Судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж, олон арван томоохон орд газрыг ашиглаж байна.

Энэ талаар геологийн салбарын мэргэжлийн холбоодын нэг Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбатаас тодруулбал, “Өнөөдрийн хурлаар зөвхөн Монголын бус, бүс нутгийн геологийг хөндөн ярилцаж байна. Манай геологи дотроо олон төрөл. Тухайлбал, манай холбоо гэхэд геологийн үйлдвэрлэл талаас, геологийн эрэл хайгуулыг хариуцан ажилладаг. Үйлдвэрлэлийн геологичид бидний ажил геологийн суурь судалгааны ажилд оролцохоос эхэлдэг.

Өнөөдөр манай улсад улсын төсвийн хөрөнгөөр 40-өөд төсөл хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 1200 орчим олгогдоод байгаа нь үйлдвэрлэлийн геологич бидний ажиллах гол талбар юм. Монголын геологичид эх орныхоо томоохон ордуудаас гадна олон улсад, дэлхийд ажиллаж байна. Мэргэжлийн ийм түвшинд бид хүрээд байна” гэв.






Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол орны палеонтологийн судалгаа”, “Геологийн хүрэээлэнгийн түүх, судалгаа”, “Монгол орны ураны металлогени”, “Хойд, Төв ба Зүүн Азийн геологийн зургийн атлас” олон улсын төслийн талаар гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач нар илтгэл тавин танилцуулж байна. Хуралд ОХУ, Япон, Чех, БНСУ, БНАСАУ-ын ШУА, хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож байна. Тухайлбал, “Солонгосын хойгийн шинэ тектоно-стратиграфи” болон “БНАСАУ-ын дулааны эрчим хүчий нөөц” сэдвээр эрдэмтэн Моонсуд Чо, Ро Нам Ик нар илтгэл тавьж байна. 

Монгол Улсад геологийн алба байгуулсны 80 жилийн ойн үйл ажиллагаа өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхэлж, маргааш 10-р сарын 17-нд Төрийн ордонд ойн баярын хурал болох юм. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ