Цагаанчулуутын ахмадууд дэлгүүр нээж орлогоороо хийдээ засварлажээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-16 17:46:05

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагаанчулуут сумын ахмадууд нийлж “Ахмадын дэлгүүр” нээжээ. Тус дэлгүүрт ахмадууд өөрсдийн гараар урласан дээл хувцас, малгай, гутал, эсгий бүтээгдэхүүнүүдийг борлуулж эхэлжээ.

Мөн өөрсдийн тарьсан ногоо, жимсний чанамал, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэн, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ. Тэд энэхүү дэлгүүрийнхээ орлогоос тодорхой хэмжээний төгрөгөөр сумынхаа хийдийн барилгад засвар үйлчилгээг хийжээ. Ер нь ахмадууд бид зүгээр суух биш гар хөдөлж л байвал эрүүл байдаг болохоор юмханаар юм хийдэг ахмадууддаа урам өгөх зорилгоор дэлгүүрээ нээсэн юм. Түүнчлэн бид тэтгэврээ хараад суух биш бас ч үгүй хэдэн төгрөгийн орлоготой болсон төдийгүй илүү их зүйлийг сэтгэж хийх бүтээх, залуучуудад үлгэр болох, дэлгүүрийнхээ орлогоос буяны, сайн дурын үйл ажиллагаанд хандив өгөх, зарим ахмаддаа дэмжлэг үзүүлэх, заавал төсвөөс гэлтгүй ахмадуудтай холбоотой үйл ажиллагаануудыг өөрсдийн хөрөнгөөр зохион байгуулах гээд олон зорилго бий. Цаашид ч үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон бүтээлч ажил өрнүүлэхээр төлөвлөөд байгаа хэмээн Цагаанчулуут сумын Ахмадын хорооноос мэдээлэв.

Ташрамд дуулгахад, ахмад настнуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа залуу үедээ өвлүүлэн үлдээх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилго бүхий хөтөлбөрийг тус сумын Ахмадын хороо, ЗДТГ хамтран хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд сумынхаа нийт ахмадын суурь судалгааг гаргаж, судалгаанд үндэслэн өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмад настны мэдээллийн сантай болжээ. Энэхүү мэдээллийн санд үндэслэн дээрх дэлгүүрийг ахмадууд нээж ажиллуулж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ