С.Зулсар агсны нэрэмжит Хөөмийн улсын уралдаан Өвөрхангай аймагт боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-16 21:28:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. МУСТА, Төв халхын нэрт хөөмийч С.Зулсар агсны нэрэмжит Хөөмийн улсын уралдааныг "Монголын хөөмий" холбоо, аймгийн БСУГ, ХДТ-аас Арвайхээрт амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаанд Улаанбаатар хот, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Увс, Төв аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 40 гаруй хөөмийч хүрэлцэн ирж, хамтлаг, гоцлол гэсэн хоёр төрлөөр оролцсон юм.

Монголын язгуур биет бус өв Хөөмийн урлагийг Монголд төдийгүй дэлхийн олон оронд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан авьяастан бол МУСТА С.Зулсар. Тэрээр Өвөрхангай аймгийн театр, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад 18 жил ажиллах хугацаандаа гоцлол бүжигчнээр ажиллаж, драмын жүжгүүдийн гол ба туслах дүрийг бүтээж, “Хан хэнтийн дуулал”, “Монгол түмний дуулал” зэрэг олон арван бүтээлийг туурвисан авьяаслаг нэгэн байв. Мөн дэлхийн 20 гаруй оронд хөөмийн гайхамшгийг сурталчилж, Японы төв телевизийн алтан фондод гурван дуугаа бичүүлж байжээ.

С.Зулсар нь 1996, 1997 онд Бодибилдингийн залуучуудын аварга алтан медаль, 1998 онд Бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 1990 онд “Монголын сайхан залуу” шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагнал тус тус хүртэж байсан юм.

Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, 45 насны ойд нь зориулан энэхүү улсын уралдааныг төрсөн нутагт нь зохион байгуулж байна хэмээн “Монгол хөөмий" холбооны гүйцэтгэх захирал Б.Хосбаяр хэллээ.

 

Холбоотой мэдээ