"Уруулын будаг" хамтлаг 20 жилийн дараа тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хонгор намрын салхин дор", “Зуны дурлал”, “Хүрээ хүүхнүүд” зэрэг дуугаараа олны танил болсон, охидын “Уруулын будаг” хамтлагийнхан 20 жилийн дараа эргэн нэгдэж, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгионы “Учралын блюз” тоглолтод оролцохоор болжээ. Тус тоглолт 11 дүгээр сарын 9,10-нд болох юм.
"Уруулын будаг" хамтлаг тарж, өөр өөрийн замыг хөөсөн юм. Өдгөө Ганаа нь Францад, Дээгий нь Солонгост амьдарч харин Энжи нь Монголдоо “Шинэ Монгол” сургуульд багшилж, Гэгээнээ нь АНУ-д сургууль төгсөж ирээд эх орондоо ажиллаж амьдарч байгаа аж. Хамтлагийн ахлагч Г.Ичинхорлоо Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд соёл, урлагийн маркетингийн чиглэлээр ажиллаж байна.
“Уруулын будаг” хамтлаг 1999 онд байгуулагдаж, нэг жилд гэхэд “Хүрээ хүүхнүүд”, “Уруулын будагтай хацар” хэмээх бие даасан хоёр тоглолт хийж байжээ. Таван жилд таван бие даасан тоглолт хийж, “Хүрээ хүүхнүүд”, “Lipstick”, “Хэлж амжаагүй хайр” гээд гурван цомог гаргажээ. “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Чамгүйгээр” зэрэг дуу нь тэдний нэрийн хуудас болсон билээ.