Т.Цэдэндамба: Үрийн аж ахуй хөгжүүлсэн нь өндөр ургац авахад нөлөөлсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-20 00:27:28

Булган /МОНЦАМЭ/ Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол Улсын “Гавьяат агрономич” хэмээх эрхэм цолыг Булган аймгийн Сэлэнгэ сумын агрономич Түмэнгийн Цэдэндамба хүртсэн юм. Тариа будааны өлгий нутгийн унаган хүү тусад орохоосоо л Бухын гол хэмээх газар тариа тарьж байсан хүмүүсийг дагаж хавар, намрын их ажлын тоосонд дарагдаж явсан гэдэг. Атар газар эзэмшсэн нэгэн жарны амьд түүх агрономич Цэдэндамба гуайтай уулзаж ярилцлаа.


- Таны хүүхэд нас тариан талбайд өнгөрсөн гэсэн. Энэ тухай хуучилна уу?

- Тийм ээ. Би зургаан настай байхаасаа л Бухын голд анжсаар тариа тарьж байсан хүмүүсийг дагаж тусд орсон. 1951 онд энэ сумынхаа бага сургуульд орж төгсөөд Булган аймгийн төвийн 10 жил, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг дүүргэсэн. 1966 онд агрономич мэргэжлээр төгсч сумандаа ажиллахаар ирсэн. Би багаасаа тариа будааг их сонирхдог байсан. Сургуулийн сурагч байхдаа 1957 онд зуныхаа амралтаар Зундуй, Дамбадаржаа нарын хүмүүстэй хамт газар хагалж, хөрсний боловсруулалт хийж байлаа. 1958 онд сангийн аж ахуйн соёлын төв баригдаж байхад тэнд ажиллаж, атрын аж ахуйн хоёрдугаар бригадын бүтээн байгуулалтад гар бие оролцсон.

- Таныг энэ сангийн аж ахуйд ирээд үрийн бригад байгуулсан гэж ярьж байсан. Энэ тухайгаа?

- 1966 онд сургуулиа төгсч ирээд хоёрдугаар бригадад үрийн бригад байгуулсан. Намайг анх ирэхэд сангийн аж ахуй тодорхой сортын үргүй, сортын бус үрээр тариалалт хийдэг байсан. Ургац жаахан тааруухан байсан үе. Нэг га талбайгаас 9-9.5 центнер ургац авдаг байлаа. Тэр үед би Б.Цэрэн агрономичтой яриад үрийн аж ахуй хөгжүүлэх саналаа удирдлагууддаа танилцууллаа. Тэгээд сангийн аж ахуйн даргын тушаалаар хоёрдугаар бригадыг үрийн бригад болгоод өөрөө үрийн агрономичоор ажилласан. Үр тарианы бусад бригадууддаа шинэ сортынхоо үрийг өгч тариулдаг болсон.

- Улаанбуудайн ямар төрлийн үр үржүүлж байв. Үр дүн нь хэрхэн гарсан бэ?

- Тэр үед “сарубара” гэж сортын үр тарьж байсан. Бас эрт болцын сорт болох “Скала”, “Сэлэнгэ”, “Буриадская-4” гэсэн сортыг ч тариалж байсан. Сортоо цэврээр нь байлгахын тулд бригад бүрт тусгай талбай гаргаад түүндээ тухайн нутгийнхаа нөхцөл, байгаль, цаг уурт тааруулж сортоо хадгалж, тариалдаг байлаа. Орон нутагт тохирсон үрийн сортыг тариалснаар аж ахуйн хэмжээгээр га талбайн ургацыг 2-3 центнерээр нэмэгдүүлсэн амжилт гаргасан.

- Үрийн чанарыг сайжруулах, цэврээр нь тариалах, хог хольцгүй байлгах нь их нарийн ажил байх. Үрийн талбай гээд тусдаа их цэвэрхэн газар байдаг байсан. Одоо үед бол тусгай элеваторт хадгалж байна. Таныг ажиллаж байх үед үрээ яаж хадгалж байсан бол?

- Тэр үед бид цэвэр сортын үрээр тарихын тулд намар ургац хураахад сортоо сонгож аваад тэрийгээ өвөлжин цэвэрлээд сараа саванд хийж хадгалдаг байсан. Тэгээд 11 дүгээр сар болон гуравдугаар сард лабораторид өгч шалгуулдаг байсан. Нэг, хоёрдугаар зэргийн үрээр л тариалалт хийнэ. Ингэснээр тариалалтын үрийн чанар сайн байсан болов уу. Нөгөө талаар намар тариа хураалтын өмнө үтрэмийн талбайгаа бэлдэж зэрлэгийг нь маш сайн устгадаг байсан. Тиймээс үрийн будаа хог хольцгүй цэвэр байсан шүү.

- Мэдлэг, мэргэжил тэтгэвэрт гардаггүй болохоор тариаланчдад зөвлөхөөр ажиллаж байгаа юу?

- Хаврын тариалалт, намрын ургац хураалтын үед аж ахуйн нэгжүүдэд зөвлөхөөр ажилладаг. Бас чацаргана тариалдаг хүмүүст зөвлөхөөр ажилладаг.

- Ярилцсан танд баярлалаа.



Холбоотой мэдээ