Дотоодын бүтээгдэхүүний худалдан авалт хийж хэвшихийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-19 23:36:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор дотоодын бараа, бүтээгдэхүүний худалдан авалт хийж хэвшихийг иргэдэд уриалж байна.

Тус байгууллагаас ажилтнуудын хувцас, гутлыг орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч нарт захиалга өгч хийлгэжээ. Үүнтэй холбогдуулан бусад байгууллага хамт олныг ажлын хувцас хийлгэхдээ орон нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгч нарыг сонгож,  дэмжин ажиллах  тухай  уриалга гаргаснаараа онцлогтой. 

Ингэснээр орон нутагт зах зээлийн шударга өрсөлдөөн бий болох, чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжих, цаашлаад орон нутгийн иргэд тогтмол ажлын байр, орлоготой болох боломж бүрдэнэ. Мөн орон нутагт  үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл өргөжинө гэж тус байгууллагын хамт олон үзэж байна. 

Ховд аймгийн хэмжээнд худалдаа, үйлдвэр, үйлчилгээ явуулж буй 2300 гаруй  иргэн, аж ахуйн нэгж бий. Харин Жаргалант суманд “Буянт үйлийн шим” хоршоо, "Эко" гутлын үйлдвэр, "Цасны хаан" нөхөрлөл, "Алтайн сүрлэг пирамид" ХХК-ийн Ноосон бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр гэх мэт 200 гаруй жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгж идэвхтэй  үйл ажиллагаа явуулж байна.  



Холбоотой мэдээ