Шар карттай өрхүүд хүчирхийллийн эсрэг ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-18 17:13:27
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан загвар бий болгохоор ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянхонгор сумын Эрдэнэмандал хоёрдугаар багийн иргэдийн дунд "Шар карттай өрх"-ийг бий болгож, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэн ажиллахаар болжээ. Баянхонгор сумын Эрдэнэмандал хоёрдугаар багийн Засаг дарга, хэсгийн байцаагч, "Шар карттай өрх"-ийн гишүүд гурвалсан гэрээ байгуулснаар тус үйл ажиллагаа эхэлж байгаа аж.
"Шар карттай өрх" нь цагдаагийн байгууллагатай хамтран Хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусламж шаардлагатай иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй.
Гэр бүлийн харилцаанд эхнэр, нөхөр болон хамаарал бүхий этгээдүүдийн хооронд үүссэн маргаан даамжирсаар хүчирхийллийн хэлбэрт шилждэг байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр болох гэр бүлийн хүчирхийлэл хүний эрхийг нуугдмал байдлаар зөрчиж буй ноцтой асуудалд тооцогддог бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасан мэдээлэх үүргээ биелүүлснээр бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадахыг албаныхан онцлов. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол зөрчлийн тухай хуулийн 5.4.1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг байна.
Ташрамд, Баянхонгор аймагт оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 11 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс таван нэгжээр буюу 31.2 хувиар буурч, 75 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчлагдан, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагджээ. 
Холбоотой мэдээ