Давсны хэрэглээг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллага анхаарч хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын хүн амын давсны хэрэглээг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллагууд анхаарч хамтран ажиллана.
ДЭМБ-аас
гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох давсны зохистой хэрэглээг хоногт 5 гр
байна гэж тогтоосон байдаг. Харин Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан
аймгийн иргэд хоногт 15 гр давс хэрэглэж байгаа нь зүрх судас, чихрийн шижин,
даралт ихсэх зэрэг өвчлөлийн голлох шалтгаан болж байна гэж салбарын
мэргэжилтнүүд онцоллоо.
Үүнтэй
холбогдуулан Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн
үндэсний төв, НҮБ-ын ДЭМБ, ХХААБ, Ховд аймгийн ЗДТГ хамтран “Баруун бүсийн хүн
амын давсны хэрэглээг бууруулахад төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын
ажиллагаа“ сэдэвт шийдвэр гаргагчдын уулзалтыг 10 дугаар сарын 19-20-нд зохион байгуулав.
Уулзалтад
баруун бүсийн таван аймгийн ЗДТГ, ЭМГ, ХХААГ, БСУГ, МХГ-ын удирдлага, холбогдох
мэргэжилтэн болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүнс, хоолны
үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, тогооч
нарын төлөөлөл 30 гаруй хүн оролцжээ.
Тус
уулзалтын үеэр иргэдийн давсны хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй
ажлын туршлага, үр дүнгийн талаар санал солилцож, цаашид бүс нутгийн хэмжээнд
хамтран ажиллах боломж, гарц шийдлийн тухай зөвшилцсөн байна.
Уулзалтын үр дүнд үйлдвэрийн
аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болон нийтийн хоолны давсны агууламжийг тодорхой
хувь бууруулах, улмаар иргэдийн дунд давсны зохистой
хэрэглээ бий болгох, энэ төрлийн мэдээлэл сурталчилгаа түгээх ажлыг эрчимжүүлэх, орон нутагтаа давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих
чиглэлд анхаарч ажиллахаар болсон гэж албаны эх сурвалж хэллээ.
Давс
нь натри,
хлор
гэсэн химийн хоёр элементээс тогтдог аж.

