Үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 30 хувийг эрүүлжүүлжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-21 18:10:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр үеийнхний шүдний өвчлөлийг бууруулахад олон нийтийн оролцоо дэд төсөл тус аймгийн найман суманд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 13-18 насны 2530 хүүхдийг үзлэгт хамруулснаас энэ оны 9 сарын байдлаар тэдний 30 хувийг эрүүлжүүлжээ. Төслийн баг хамт олон өнөөдөр дээрх найман сумын төлөөллүүдтэй уулзаж, үр дүнгээ хэлэлцсэн юм. 

Монгол Улсын Засгийн газраас 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг өрнүүлж байгаа учир уг төслийнхөн 13-аас дээш насны хүүхдүүдийг үзлэгт хамруулахыг зорьжээ. Төсөл эхлэхэд гарааны судалгаагаар 2500 гаруй хүүхэд үзлэгт хамрагдахад  90,1 хувь нь өвчлөлтэй гарч байжээ. 

Төслийн гол үйл ажиллагаа бол өсвөр насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх явдал. Энэ хүрээнд төсөл хэрэгжүүлэгч найман суманд эцэг эхийн эрүүл мэндийн элч, хүүхдийн эрүүл мэндийн клубуудийг 79-80 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг өөрсдийн санаачилгаар сум орон нутагтаа авчирч, сургагч багш бэлтгүүлсэн. Тухайн сургагч багш нар цааш нь сумынхаа бусад эцэг эхчүүдэд сургалтаа явуулсан. Төсөл хэрэгжих хугацаанд бид 2800 эцэг эх, 3500 хүүхдэд сургалт явуулах ёстой байсан. Одоогоор нийт эцэг эхийн 40,5 хувьд, хүүхдийн 41 хувьд сургалтаа маш амжилттай явуулаад байна. Нөгөө талаар анх үзлэгт хамрагдаж байсан нийт хүүхдийн 30 хувийг эмчилгээнд хамруулж чадсан нь бидний ажлын үр дүн гэж харж байгаа. Ер нь энэхүү төслийг хэрэгжүүлэгч сумдын удирдлага, байгууллага хамт олон маш сайн дэмжиж, өөрсдийн санал санаачлагаар олон ажлыг хийсэн. Хамгийн том жишээ бол Баяндэлгэр сумын Засаг дарга захирамжлан Эрүүл мэндийг дэмжих зөвлөл гэдгийг байгуулан, сум орон нутгаасаа 8,5 сая төгрөг гарган шүдний эмчилгээний аппаратыг ЭМТ-дөө авч өгсөн. Энэ бол бусад суманд үлгэр жишээ болох том ажил болсон гэдгийг төслийн ажилтан Д.Хүрэлбор хэллээ. 

Үүнээс гадна ЕБС-ийн захирлууд эрүүл мэндийн клубийн хүүхдүүдээ дэмжиж өрөөтэй болгосон. Өрөөг тохижуулахын тулд төслийн хүрээнд “Шилдэг шийдэл” төсөл бичүүлээд 600 мянгаас 1,2 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. 

Төсөл хэрэгжиж буй найман сумаас Эрдэнэцагаан сум хамгийн их өвчлөлтэй байгаа ч төслийн үр төдийлөн хангалттай бус байгааг албаны хүмүүс хэлж байлаа. 


Холбоотой мэдээ