Д.Отгонсүрэн: “Хүмүүн бичиг” сонин бол нэг төрлийн сурах бичиг юм

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-21 22:44:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хичээлийн жилд Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн багш, Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэн шавь нарынхаа хамт монгол хэл, бичгийн улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцож, чамгүй амжилт үзүүлсэн. Түүний амжилтын нууц, хүүхдүүдээ хөгжүүлэх арга барилын талаар ярилцлаа.


-Өнгөрсөн хичээлийн жилд хэд хэдэн уралдаанд шавь нарынхаа хамт оролцож, амжилт гаргасан. Оролцсон уралдаан тэмцээн, амжилтаасаа танилцуулна уу?   

-Манай сургууль Улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд бүгдэд нь оролцсон доо. Аймгаа төлөөлөөд улсын олимпиадад орно гэдэг маш том хариуцлага байдаг.

Хэл иргэншлийн дээд сургуулиас зохион байгуулсан олимпиадад миний бие, бага ангийн нэг багш, шавь нарынхаа хамт явж оролцсон. Энэ бол 10 орчим төрлөөр болдог уралдаан байгаа юм. Энэхүү уралдааны дөрвөн ангиллын тэргүүн байрыг манай баг авсан.

11 дүгээр ангийн ангилалд миний шавь Э.Энхзул, Мэргэжлийн багш нарын ангилалд би өөрөө, “Оюутан” ангилалд дунд сургуульд байхдаа миний шавь байсан хоёр оюутан тус тус түрүүлсэн.

Мөн Э.Сувд, П.Сумьяасүрэн, Б.Цэндмаа гээд шавь нар маань гуравдугаар байр, А.Нинжингарав, А.Жавхлан, Ө.Март нар тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн.

-Д.Чойжилсүрэн багшийн нэрэмжит олимпиадад бас түрүүлсэн байсан, өөр ямар уралдаан, тэмцээнд оролцсон бэ?

-МУИС-иас Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит олимпиадыг зохион байгуулдаг. Энэ олимпиад бол “Мэргэжлийн багш”, “Мэргэжлийн оюутан” гэсэн хоёр л ангилалтай.

Энэ олимпиадын “Мэргэжлийн багш ангилалд би өөрөө түрүүлж, “Мэргэжлийн оюутан” ангилалд Хэл иргэншлийн дээд сургуулийн олимпиадад түрүүлсэн  М.Ганбагана, Э.Чойжий-Одсэр хоёр шавь маань эхний хоёр байрыг эзэлсэн.  

Дараа нь Монгол бичгийн улсын XVI олимпиадад миний бие П.Сумьяасүрэн шавьтайгаа оролцоод өөрөө тусгай байр эзэлж,  шавь маань тавдугаар байрт орсон байгаа.

Өнгөрсөн хичээлийн жилд нийтдээ бид нар хаврын “Бичиг үсгийн баяр”-ын улсын уралдаан, олимпиадаас 17 медаль авч ирсэн байдаг. Түүнээс зургаа нь тэргүүн байр, нэг нь дэд байр, дөрөв нь гуравдугаар байр, зургаа нь тусгай байр эзэлсэн байна.

“Миний монгол бичиг” монгол туургатны Олон улсын уралдаанд манай шавь нар бас амжилттай оролцсон. Энэ уралдаанд Э.Энхзул гуравт, Б.Цэндмаа дөрөвт, Э.Сувд бид хоёр шагналт байранд орсон.

Мөн МУБИС-иас зохион байгуулсан Дондогийн Цэгмидийн нэрэмжит монгол бичгийн олимпиадад бас амжилттай оролцсон. Мэргэжлийн, мэргэжлийн бус “Оюутан” ангиллаар өрсөлддөг. Энэ олимпиадын Мэргэжлийн ангилалд 11, 12 дугаар ангийн, Мэргэжлийн бус ангилалд нь 10 дугаар ангийн сурагчаа оролцуулаад мэргэжлийн ангилалд оролцсон шавь маань гуравдугаар байр, мэргэжлийн бус ангилалд оролцсон сурагч дөрөвдүгээр байр эзэлсэн.

-Нэг жилд, улсын чанартай олимпиадаас нэг сургууль 17 медаль авна гэдэг бага амжилт биш шүү дээ. Таны энэ амжилтын нууц нь юунд байна вэ? Хүүхдийг хөгжүүлдэг арга барилаасаа хуваалцана уу.

-Ер нь 5-12 дугаар ангийн сурагчид, бага ангийн багш нараас баг бүрдүүлж, дугуйлан хичээллүүлдэг. 15 орчим хүүхдийг сонирхлынх дагуу сонгон авдаг юм. Долоо хоногт хоёр удаа хичээллэдэг. Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын чиглэлээр гүнзгийрүүлж судалдаг гэсэн үг. Энэ нь бид бүгдийн бэлтгэл болдог. Энэ ажил маань есдүгээр сараас эхэлдэг. Амралтын өдөр ч байсан л давтлагаа хийгээд л явж байна. Хүүхдийг хөгжүүлнэ гэдэг бол багшийн сэтгэл юм уу даа. Сэтгэлээсээ хийсэн юм бүхэнд хүч оршдог гэдэг дээ.

-Үндэсний  бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд ямар ажил хийвэл зохилтой вэ?

-Үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд хэрэглээг л нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм л даа. Хэрэглээг нэмэгдүүлэхгүйгээр нэг удаагийн сургалт хийгээд монгол бичгээр уншиж, бичиж сурна гэдэг боломжгүй зүйл. Аймгийн сонин байлаа гэхэд нэг нүүр ч юм уу, үндэсний бичгийн булан ч байдаг юм уу, тиймэрхүү байдлаар л хэрэглээг нэмэгдүүлж байж нийтээрээ суралцана гэж боддог.

Яг үнэндээ монгол бичгээр гардаг сонин, ном сэтгүүл ч ховор л байна шүү дээ. Монгол бичгээр гардаг сонин сэтгүүл гэхээр “Хүмүүн бичиг”-ээс өөр бараг л алга байна. Яахав “Уламжлал” гээд нэг сайхан сэтгүүл бий, мөн хаяадаа зарим байгууллагаас тэмдэглэлт ойдоо зориулаад ганц нэг сонин, сэтгүүл гаргасан байсан. Өөр сонин сэтгүүл ер нь байхгүй л санагдаж байна.

-Босоо монгол бичгээр хэвлэгдэн гардаг “Хүмүүн бичиг” сониныг хэрхэн яаж хэрэглэдэг вэ, танай хүүхдүүд захиалж уншдаг уу?

-Захиалж байгаа. “Хүмүүн бичиг” сонин бол нэг төрлийн сурах бичиг юм. Тус сонины хичээнгүй бичгийн булан байна, ялангуяа хамгийн их хэрэгцээтэй булан бол “таталган  бичиг”-ийн булан. Мөн “бар”-ын буланг хамгийн ихээр ашигладаг. “Эх хэл-Эрдмийн түлхүүр” гээд үгийн гарлын тухай булан ч гэсэн маш их хэрэгцээтэй.  

-Энэ жил ямар зорилго тавьж байна даа? Өмнөө тавьсан зорилго, зорилтоо танилцуулбал?

Бид нар улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцох, төгсөх ангиудаа ЭЕШ-д бэлтгэх, сургуулийнхаа нийт сурагчдын монгол хэл, бичгийн сурлагын чанарыг ахиулах  зорилт тавиад ажиллаж байна.

Өнгөрсөн хичээлийн жилдээ чамгүй амжилт гаргасан. Түүнийгээ бататгах нь чухал юм.

-Сурагчид, эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Сүүлийн үед ажиглахад цахим орчин хүүхдийн сурлагад нөлөөлж байна. Сурах идэвх санаачилгыг ч бууруулж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс цахим орчинг хязгаарламаар санагддаг. Тэгэх юм бол хүүхдүүд ойр орчин, найз нөхөд, багштайгаа амьд харьцаатай болж, илүү хөгжих боломжтой болно.

Тиймээс эцэг эхчүүд, багш нар үүн дээр хамтарч ажиллах, хараа хяналтаа сайжруулж, тодорхой хязгаартай, цаг хугацаатайгаар ашиглуулдаг байхад анхаарч ажиллаасай гэж хүсч байна.  

Өмнөө зорилго тавиад хөдөлмөрлөх юм бол ямар ч хүн амжилтад хүрч болдог гэдгийг хүүхдүүддээ хандаж хэлье дээ.

-Баярлалаа Танд. 

 

Холбоотой мэдээ