АТГ-ын ажлын хэсэг Баянхонгорт ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-22 16:25:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд АТГ-ын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

АТГ-аас жил бүр орон нутагт төлөвлөгөөт хяналт шалгалт явуулдаг бол энэ удаад иргэд, төрийн албан хаагчдад чиглэсэн, авлигатай тэмцэх талаар тэдний мэдлэг ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилтыг тавьжээ. Энэ хүрээнд Баянхонгор аймагт АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

Ажлын хэсгийнхэн албан байгууллага, ААН-ийн удирдлагууд буюу эрх бүхий албан тушаалтнуудад Баянхонгор аймагт ажиллах ажлын чиг үүргийн талаар танилцуулж, иргэдэд зориулсан Нээлттэй өдөрлөгийн хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулах, түүнд албан байгууллага аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох талаар мэдээлэл өглөө.

Олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, АТГ-ын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгийг энэ сарын 23-ны 11:00 цагт аймгийн ЗДТГ-т зохион байгуулахаар товложээ. Нээлттэй өдөрлөгт ГХБХБГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд хамтран оролцож иргэдэд нээлттэй үйлчлэх юм байна.

Холбоотой мэдээ