“Оддын дайн” цуврал киноны есдүгээр ангийн сүүлчийн трейлерийг цацжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-22 15:55:04

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Оддын дайн” цуврал киноны есдүгээр анги болох "The Rise Of Skywalker" киноны сүүлчийн трейлерийг даваа гарагт телевизийн "ABC" сувгаар үзүүлсний дараа “YouTube”-д байрлуулсан байна.


“Цуврал дуусна, гэхдээ түүх үүрд мөнх үлдэнэ" гэж сүүлчийн трейлерийн тайлбарт бичжээ. Трейлерийг цацах өдрийг санамсаргүй сонгоогүй байна. Учир нь 1977, 1980 болон 1983 онд гарсан ангиудад гүнж Лея Органы дүрийг бүтээсэн жүжигчин Кэрри Фишер 10 дугаар сарын 21-ний даваа гарагт 63 нас хүрэх байжээ. Тэрбээр 2016 онд таалал төгссөн боловч шинэ ангид түүний бүтээсэн дүр гарна гэдгийг уг киног бүтээгчид өмнө нь мэдэгдэж байв.


“Бид энэ дүрд өөр жүжигчин хайх, эсвэл CGI технологийг /гурван хэмжээст график зургуудын тусламжтайгаар бий болгодог/ ашиглахгүй байхаар шийдсэн. Цувралын долдугаар ангийн бичлэгийг ашиглан, Кэрригийн үлдээсэн өв, түүний бүтээсэн Леягийн дүрийг есдүгээр ангид хүндэтгэх аргыг олсон” гэж найруулагч Жей Жей Абрамс урьд нь мэдэгдсэн байна.


Шинэ анги нь “Оддын дайн” цувралын төгсгөлийн анги болж байгаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард тодорхой болсон юм. Жедай Люк Скайуокерын түүхийг өгүүлэх шинэ анги 12 дугаар сард дэлхийн кино театруудад гарч эхэлнэ. Скайуокерын дүрийг жүжигчин Марк Хэмилл бүтээсэн бөгөөд түүнтэй хамт Дэйзи Ридли, Жон Бойега, Адам Драйвер, Оскар Айзек зэрэг жүжигчид тогложээ.


 


Холбоотой мэдээ