Олон улсын банкууд “Facebook”-тэй хамтран ажиллахаас татгалзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-23 14:37:28

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хэрэв Америкийн “Facebook” компани “Libra” криптовалютаа гаргавал олон улсын тэргүүлэх банкууд үүгээр дамжуулан мөнгө угаах болзошгүй гэсэн бүх эргэлзээгээ арилгахгүйгээр тус компанитай хамтран ажиллахаас татгалзаж магадгүй байна. Ийм анхааруулгыг Нидерландын "ING" банкны тэргүүн Ральф Хамерс “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа өгчээ.


“Санхүүгийн тогтолцоог хамгаалах” үүрэг гүйцэтгэдэг санхүүгийн байгууллагууд хэрэв үйл ажиллагаа нь “санхүүгийн гэмт хэрэг үйлдэх системийг нээнэ” гэх хардлага төрүүлж байгаа бол ийм компанитай хамтран ажиллахад хэцүү. Энэ тохиолдолд банкууд “арга хэмжээ авч, үйлчлэгчээсээ татгалзаж” болно” гэж тэрбээр онцлон хэлээд хэн ч эрсдэлд орохыг хүсэхгүй шүү дээ гэжээ.


Үүний сацуу, Хамерс “Facebook”-ийн криптовалют гаргах төлөвлөгөөг анхааралтай танилцах хэрэгтэй “сайхан санаачилга” гэж үзэж байгаа аж. "Санхүүгийн зохицуулагчид ийм шинэлэг зүйлийн өмнө “хаалгаа шууд хаах” хэрэггүй бөгөөд харин үүнийг хэлэлцэж, “хэрхэн урагшлах вэ?” гэдгийг харах нь зүйтэй" гэж тэрбээр хэлсэн байна.


Иймэрхүү болгоомжлолтой холбогдуулан “Facebook”-ийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ, манай компани бүхнийг зөв хийхийн тулд энэ тал дээр яарахаа больсон гэдгийг эхнээсээ мэдэгдэж байсан гэжээ. “Санхүүгийн зохицуулагчдын эргэлзээ бүрэн арилж, холбогдох зөвшөөрлийг өгөх” хүртэл “Libra”-г санал болгохгүй гэж “Facebook”-ийн төлөөлөгч цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ