Монгол, Их Британийн компаниуд хамтран ажиллахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-24 17:53:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээнд дотоодын “Ган хийц” болон “Улаанбаатар Бүк” болон Их Британийн “Пандрол” компанийн хооронд гарын үсэг зурлаа.

Дорноговь аймгийн Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд болсон гарын үсэг зурах ёслолд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон нар оролцлоо.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 414.6 км төмөр зам тавих бүтээн байгуулалтад “Ган хийц” болон “Улаанбаатар Бүк” ХХК-иуд оролцож, төмөр замын бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх юм. Харин Их Британийн “Пандрол” компанитай дэлхийн стандартад нийцсэн пандрол бэхэлгээг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. “Пандрол” компани нь Английн RM&S компанийн зохиосон төмөр бетон дэрний загварын зургийг манай улсын холбогдох байгууллагуудаар батлуулж, өнөөдөр тус загварын дэрийг түнш болох “Улаанбаатар Бүк”, “Ган хийц” компаниуд үйлдвэрлэж “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”-ын төсөлд оролцож байгаа юм.


“Пандрол бэхэлгээ”-г ашигласнаар нэн түрүүнд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, арчилгааны зардлыг багасгах аж. Урьдчилсан судалгаа, туршилт, ашиглалтын үеийн хяналт, төмөр замын цаашдын хөгжил, тээх чадварыг нэмэгдүүлэх бололцооны судалгаанд суурилж хэрэглэгчдэд зориулсан цогцолбор үйлчилгээг үзүүлж иржээ. Мөн “Улаанбаатар Бүк" ХХК-ийн пандрол бэхэлгээгээр үйлдвэрлэсэн төмөр бетон дэрийг ашиглан нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замыг УБТЗ-ын мэргэжилтнүүд тавьж ашиглалтад оруулаад байгаа юм.

 

Холбоотой мэдээ