Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-25 15:54:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.


Хуулийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав. Энэ оны есдүгээр сарын байдлаар, банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өсөж, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Мөн валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн. Засгийн газрын өрийн хэмжээ багасаж, ДНБ-ий 60 хувиас бага түвшинд очсон. Эдгээр нь эдийн засаг уналтаас гарч, өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлнэ. Макро эдийн засгийн гүйцэтгэлийн тухайд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, 2018, 2019 онд сэргэсэн, төсөв болон мөнгөний бодлогын түвшний оновчтой тохиргоо, банкны салбарт хийж буй реформ, гадаад эдийн засгийн харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагаат улс орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байсан хэмээн дүгнэжээ. Энэ оны туршид эдийн засгийн өсөлт 7 хувиас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь ажлын тодорхой үр дүн гэдгийг онцоллоо. Эдийн засгийн идэвхжлийн үр өгөөж зарим салбарт тодорхой ажиглагдаж байна. Тухайлбал, өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш агшсаар байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсжээ.



Манай эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаад хөрөнгийн урсгал, гадаад эрэлтээс өндөр хамааралтай байгаагаас эдийн засгийн болон санхүүгийн мөчлөг богино, давтамж олон байдаг. Нөгөө талаас Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2010 оноос хойш 4 дахин нэмэгдсэн бөгөөд ирэх таван жилд хийгдэх гадаад өрийн төлбөр одоогийн валютын нөөцөөс даруй 3.5 дахин өндөр байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг ихээхэн нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бууруулах эрсдэлтэй юм. Иймд мөчлөгийн уналтын далайцыг бууруулах, болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлэхийн тулд эдийн засгийн болон санхүүгийн секторын дархлааг нэмэгдүүлэх, санхүүгийн нөөцийг бүх шатанд хуримтлуулах, санхүүгийн салбарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нэн чухал зорилт болж буйг тэрбээр дурдсан юм.


Төрөөс 2020 онд баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа аж. Иймээс ирэх онд мөнгөний бодлогын зорилтын хүрээнд: Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулахаар тусгажээ. Энэ үндсэн дээр банкны системийн эрсдэлийг үнэлэх, санхүүгийн мөчлөгийг тодорхойлох шинжилгээний аргачлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулах зорилгоор Төвбанкны олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлж, Банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэтгэл хийж, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Цаашид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Тэр дундаа Монгол Улсын гадаад өрийг тогтворжуулах, дарамтыг бууруулахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байна. Иймээс Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэгдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.


Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих чиглэлээр төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, саарал жагсаалттай холбоотойгоор эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, шаардлагатай арга хэмжээг төсөлд нэмж тусгах, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад зээлийн эргэн төлөлтийн асуудлыг анхаарах, зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ипотекийн зээлийн талаар нэгдсэн бодлоготой байж, зээлийг зорилтот бүлэгт хүргэх, банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэх зэрэг санал гаргасан байна.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, Д.Оюунхорол, Д.Сумьяабазар, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар Монголбанкны ерөнхийлөгч болон ажлын багаас асуулт асууж тодруулав. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Ж.Энхбаяр нар тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтов.  

Холбоотой мэдээ