"Мах март"-ын ажилчид хордлогод оржээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-26 12:19:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Мах март”-ын ажилчид хордлогод орж, зарим нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

10 дугаар сарын 25-ны өглөөний 10 цаг орчимд тус газар ажиллаж байсан ажилчдаас “Хордлогын шинж илэрлээ, ухаан алдсан нэг хүн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын мөрөөр ажилчдыг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт авчран, эмчилгээ хийж эхэлсэн байна. Ажилчдын аман мэдээллээр "Хувцас солих өрөөнд орсон хүн болгоны толгой өвдөж, дотор муухайрч байсан. Хүн ухаан алдахад л ямар нэгэн хордуулах зүйл байна гэж гадарласан" хэмээжээ. Хордлого юунаас үүдэлтэйг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа аж.

Үйлдвэрийн байранд байсан 40 гаруй ажилтанг үзлэг шинжилгээнд хамруулж, хордлого тайлах эмчилгээ хийжээ. Одоогоор эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн, дотрын тасагт нэг хүн, яаралтай тусламжийн хэсэгт зургаан хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байгаа юм байна.

Их үдэд 16:00 цагийн үед аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Прокурор зэрэг мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, шинжилгээний дээж цуглуулжээ. 

Холбоотой мэдээ