АСЕМ-ын парламентын түншлэлийн уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-14 08:40:51

Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 22 дугаар хуралдаан болж, Ази Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын явц, дээд түвшний уулзалтын үеэр ажиллах сайн дурынхны үйл ажиллагаа, АСЕМ Вилла цогцолборын тохижуулалтын ажил болон Монгол хотхоны талаарх мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.

Энэ оны 4 дүгээр сарын 21-23-нд Улаанбаатар хотод болох Ази Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцоно. Уулзалтыг зохион байгуулах бэлтгэл хангагдсан гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцууллаа.

Мөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах, гадаад, дотоодын сэтгүүлчид ажиллах “Хэвлэлийн төв”-ийн асуудлаар Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах тухай саналыг сонсож хэлэлцлээ.

Европын өргөн нэвтрүүлгийн холбоо нь 56 орны 73 байгууллагыг  эгнээндээ нэгтгэсэн телевизийн мэдээ, мэдээлэл, спортын арга хэмжээ, олон улсын хурал, чуулганыг олон улсад шууд дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Тус холбоо нь 2010 онд Брюссель хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний VIII уулзалт, 2014 онд Милан хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний X уулзалт, Лондонгийн зуны олимп, Евровишн хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

 

Холбоотой мэдээ