Хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-30 15:06:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2018 онд хорт хавдраар 4412 хүн нас барсны 77 хувь нь өвчлөлийн хожуу шатандаа оношлогджээ. Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг оношлогоонд хамрагдсанаар өвчлөлийг эдгээх боломж илүү байдгийг МҮОНРТ-ээс санаачилсан “XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөнд оролцогчид онцлов.


Тус зөвлөгөөн Төрийн ордны их танхимд өнөөдөр эхэлсэн бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Худалдаа хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна. 


Дэлхийн улс орнуудад жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж 8.2 сая хүн нас барж 32.6 сая хүн өвчтэй байгаа аж. Манай улсын хувьд, 2018 оны байдлаар, 6073 хавдрын шинэ тохиолдол оношлогдож 4412 хүн нас барсан бөгөөд 77 хувь нь хожуу үедээ оношлогдсон статистик дүн гарсныг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. Тэрбээр, "УИХ, Засгийн газраас хавдрын өвчлөлийн эсрэг тодорхой үе шаттай ажлыг өрнүүлсээр байна. Тухайлбал, Польш улсын Засгийн газрын 3.8 сая еврогийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр, 2020 оноос эхлэн 21 аймгийн иргэдэд явуулын эмнэлгийн тусламж үзүүлэх тусгай тоноглолтой автомашин нийлүүлэхээр тохирсон. Мөн энэ сарын 17-нд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачилсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан. Хуульд, иргэнийг нас хүйс, өвчлөлд өртөх эрсдэлээр нь ангилж хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд тодорхой хугацааны давтамжтай хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. УИХ-аар Монгол Улсын 2020 оны  Төсвийг хэлэлцэж байгаа энэ үед, ХСҮТ-ийг 120 ор, 12 кабинет, дөрвөн мэс заслын өрөөгөөр өргөтгөж, ор хоногийн хүлээгдлийг хоёр дахин бууруулах нөхцөлийг бүрдүүлэхэд нэн шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар онцгой анхааран ажиллаж байна" хэмээв.



Монгол Улсын Засгийн газраас 2016-2018 онд гадаадад эмчилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай 97 иргэнд 238 сая 778 мянган төгрөгийн санхүүгээр дэмжсэн байна. Мөн Засгийн газраас 2016 онд батлан хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн үр шимийг иргэн, өрх бүрт хүргэхийн төлөө чармайн ажиллаж буйг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн онцоллоо. Тэрбээр, "ХСҮТ-д гурван санжметр хүртэлх хорт хавдрыг түлэх эмчилгээ 2008 онд нэвтэрсэн бөгөөд тухайн үед 20 хүн хамрагдаж байсан. Тэгвэл 2017 онд 723 иргэн хамрагдсан байна.  Энэ нь "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн үр дүнд иргэд эрт оношлуулах, эмчилгээнд хугацаа алдалгүй хамрагдах нь өргөжиж, үр дүнгээ өгч буйг илтгэж байна" хэмээв. 



Уг хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 28-ны байдлаар, 949 мянга гаруй иргэн элэгний B,C вирусын илрүүлэг шинжилгээнд, 4100 иргэн баталгаажуулах шинжилгээнд хамрагдсан байна. Үүнээс С вирусын эмчилгээнд 13 мянга гаруй, В вирусын эмчилгээнд 19 мянга гаруй иргэн хамрагджээ. Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд АНУ-д 90 мянган ам.долларын үнэтэй байдаг "Хармони" эмийг Монгол Улсад эрүүл мэндийн даатгуулагч үнэ төлбөргүй авч хэрэглэж буйг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн илтгэлдээ дурдаж байв. Тэрбээр, "2016 оноос хойш Монгол Улс 70 мянга гаруй иргэний элэгний B,С вирусыг эмчилсэн байна. Өөрөөр хэлбэл, 70 мянга гаруй иргэнээ элэгний хорт хавдартай болохоос урьдчилан сэргийлж чадсан. Энэ нь монголчууд хорт хавдрыг эрт үедээ илрүүлж, эмчилж чадаж байгааг харуулж байна" хэмээв. Мөн тэрээр хавдар үүсгэж буй гол шалтгаан нь архи, тамхи зэрэг хорт зуршил, таргалалт байгааг тодотгосон.


Монгол Улсад хорт хавдраар өвчлөгсдийн 70 гаруй хувь нь 45-аас дээш насныхан байгаа бөгөөд элэгний хорт хавдар 36 хувьтай зонхилж байна. Үүний дараа ходоодны хорт хавдар 15 хувьтай байдаг аж. Нийт өвчлөгсдийн 75 хувь нь элэг, ходоод, умайн хүзүү, уушигны хорт хавдраар өвчилдөг байна. Хорт хавдрыг дөрвөн үе шатаар ангилдаг бөгөөд эхний хоёр шатанд илрүүлж чадвал эмчлэгдэх боломж их байдгыг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн илтгэлдээ тэмдэглэж байв. 



Зөвлөгөөний үеэр МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамцаас дараах тодруулгыг авлаа. 


-МҮОНРТ-ээс "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг санаачлан ес дэх жилдээ өрнүүллээ. Энэ жилийн хувьд, өргөн хүрээнд зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөний ач холбогдлыг юу гэж харж байна вэ? 

-Зөвлөгөөний ач холбогдол нь мэдээж айл бүрт эрүүл, элэг бүтэн амьдрал бэлэглэх зорилгыг агуулсан. Өмнөх есөн жилийн аяныг дүгнэхэд, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулдаг байсан бол энэ жилээс гэр бүлийн гишүүд рүү чиглэж, эрүүл мэндийн боловсрол олгож ажиллана. Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын асуудал ямар хэмжээнд байгааг өнөөдрийн зөвлөгөөнд оролцож буй мэргэжлийн байгууллагууд мэдээлнэ. Цаашид Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн байгууллага өөрийн нөөц боломж, хэрхэн ажиллах талаар ярилцана. Үүнээс гадна мянган гэр бүлийн төлөөлөл өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ. Ингэснээр зөвлөгөөний төгсгөлд, зөвлөмж гаргаж, холбогдох байгууллага, олон нийтэд хүргэх юм. 


-Нийгмийн харуцлагынхаа хүрээнд МҮОНРТ-ээс "Хөнгөвчлөх өрөө" уран сайхны кино төсөл эхлүүлсэн. Энэ талаар мэдээлэл хуваалцна уу?

-МҮОНРТ 15 дахь кино бүтээлээ өлгийдөх гэж байна. Зохиолчоор М.Эрдэнэбат, найруулагчаар нь Ж.Сэнгэдорж ажиллаж, гол дүрийг драмын театрын хоёр жүжигчин бүтээж байна. Зураг авалт 60 орчим хувьд хүрсэн. Хорт хавдраар өвчилсөн хүмүүс монгол болон гадаадад хэрхэн эмчлүүлж байгаа, хорт хавдар өвчнөөс үүдэж айл өрхөд ямар урсгал зардал гарч байгаа, түүнээс гэр бүлийн сэтгэл зүйд яаж нөлөөлж байгаа тухай гүн гүнзгий утга санаатай кино юм. Энэ киног зөвхөн монголын зах зээл төдийгүй олон улсад гаргахаар зорьж байна.


-Саяхан УИХ-аас иргэдийг хорт хавдрыг эрт илрүүлэх оношлогоонд тогтмол хамруулах Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийг баталсан. Мөн зөвлөгөөнд УИХ, Засгийн газраас оролцож байгаа тул энэ удаагийн зөвлөгөөнөөс чухал үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна?

-Хууль батлагдсанаар, иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрх зүйн боломж нээгдсэн. Өвдөхөөсөө өмнө үзүүлж эрт оношлуулсан үед ямар ч аюулт өвчнөөс бид өөрсдийгөө хамгаалж чадна. Монголд анагаах ухаан, тэр дундаа мэс засалчаар дэлхийд гайхагдсан олон чадварлаг эмч нар ажилладаг. Тиймээс УИХ, Засгийн газраас эрүүл мэндийн салбарыг бодлогоор дэмжиж хорт хавдрын эсрэг төслүүдийг цааш нь ахиулахад анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.


Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл насны хязгааргүй болсон. Нийгэмд хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд гадаадад эмчлүүлэх санхүүгийн дэмжлэг хүсэж байгаа нь олширсон. Өвчлөлийг эрт илрүүлснээр, гадагш гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж, илүү хямд үнээр эмчлэх бүрэн бололцоо байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс зөвлөгөөнөөр, төр, засгаас бүх насныхныг эрт илрүүлэх оношлогоонд хамруулах уриалгад бид нэгдсэн. Зөвлөгөөнд гэр бүлийн төлөөллөөс гадна УИХ, Засгийн газраас оролцож байгаа тул ард иргэдийн хүсэлтэд нийцсэн бодлого, шийдвэр гарна гэдэгт итгэж байна гэв. 

Холбоотой мэдээ