Бизнесийн орчин, санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-30 15:49:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо, Монгол банкны Сүхбаатар салбартай хамтран “Бизнес, санхүүжилтийн орчин” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгээр бизнес эрхлэгч, баялаг бүлээгч залуусаа дэмжих, тэдний бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарцын талаар хэлэлцсэн юм.

2019 оны эхний есөн сарын байдлаар аймгийн нийт зээлийн 13,7  хувийг бизнесийн зээл эзэлж байна. Харин 60 орчим хувь нь хэрэглээний зээл байна. Бизнесийн зээл их байх тусмаа тухайн орон нутагт бизнесийн орчин өсч буйн жишээ. Харин Сүхбаатар аймгийн хувьд энэ нь хангалтгүй байна гэж үзэж байгаа юм. Тиймээс Сүхбаатар аймаг дахь бизнесийн зээлийн орчинг нэмэгдүүлэх, санхүүжилтийг сайжруулах, хөнгөн шуурхай болгох зорилгоор “Бизнес санхүүжилтийн орчин” уулзалт хэлэлцүүлгийг хийжээ.  

Ганц аймаг бус улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд хэрэглээний зээл нийт зээлийн 70 хувийг эзэлж байсан. Тиймээс Монгол банкны ерөнхийлөгчийн шийдвэрээр  энэ хувийг бууруулах, өөрөөр хэлбэл хэрэглээний зээлийг 60 хувь, бизнесийн зээлийг 40 хувь байлгахаар хязгаарласан. Үүнээс хойш хэрэглээний зээл тодорхой хувиар буурч байгаа сайн тал бий. Үр дүн нь иргэд маань өөрсдийн хүч, нөөцийг  дайчлан ямар нэг зээл авахгүй, зээлийн хүү төлөхгүй болсон байна гэсэн үг. Яг үүний адил орон нутагт ч ийм жишиг тогтоод, нийт зээлийн 40 хувийг бизнесийн зээл эзэлдэг болох юм бол тэр хэмжээгээрээ бизнесийн орчин нэмэгдэж, өрсөлдөөн сайжирна гэсэн үг.

Банкаар олгогдож буй зээлүүд  харьцангуй хяналт өндөртэй байдаг. Одоогоор аймгийн хэмжээнд нийт 143 тэрбум төгрөгийн зээл байгаагаас нэг хүрэхгүй хувь буюу 1,7 тэрбум төгрөг нь чанаргүй зээл байгаа аж. Чанаргүй зээлийн эзлэх хувь улсын дундаас хэд дахин бага гэсэн үг. Ингэхээр Сүхбаатар аймаг цаашид зээлээ тэлэх боломж их байна. Хамгийн гол нь зөв бизнесээ санхүүжүүлэх нь чухал гэж Монгол банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр ярилаа.

Уулзалт хэлэлцүүлэгт бизнес эрхлэгч залуусын төлөөлөл, зохион байгуулагчдаас гадна зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн урилгаар ирж оролцсон. Тэд залуусын бизнест хэрхэн дэмжлэг үзүүлдэг, ямар боломж байдаг талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцов.

 

Холбоотой мэдээ