Дулааны станцын хоёр зуухыг бүрэн шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-31 15:14:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн ус дулааныг хариуцдаг "Дөрвөлж" ОНӨҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл 90 орчим хувьтай байна. Баруун-Урт сумын нийт хэрэглэгчдийн 75 хувийг дулаанаар хангадаг дулааны станцын хоёр зуухыг бүрэн засварт оруулсан байна. Ингэснээр эх үүсвэрт ямар нэг гэмтэл саатал гарахгүй гэдгийг хэллээ.

Эрчим хүчний сайдын тушаалаар 2019-2020 оны дулаан түгээх ажлыг хугацаандаа эхлүүлсэн. Бид 2018,  2019 онд станцын хоёр зууханд иж бүрэн засвар, шинэчлэлтийг хийсэн. Мөн станцад нэмэлтээр бусад засвар үйлчилгээнүүдийг сайн хийсэн. Тиймээс эх үүсвэр дээр ямар нэг гэмтэл саатал гарах эрсдэл байхгүй. Станцын үйл ажиллагаа хэвийн явж байгаа, нүүрсээ 15 хоногоор нөөцлөөд явж байна гэх мэдээллийг "Дөрвөлж" ОНӨҮГ-ын ахлах инженер Ч.Алдарбат өглөө.

Сүүлийн жилүүдэд барилга, орон сууцны тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор дулааны станц ачааллаа даахгүй хэмжээнд хүрч байгаа талаар яригдах болсон. Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд ямар нэг айдасгүй өвлийг давах юм байна. Тус станцыг  Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр өргөтгөх болсон. Уг ажлын гүйцэтгэл одоогоор зураг төслийн хэмжээнд явж байгаа бөгөөд ирэх хавраас өргөтгөлийн ажил эхэлж, ондоо багтаан дуусгахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ