Спортыг дотоодод болон гадаадад түгээх шинэ гарц нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-14 12:18:58

Биеийн тамир, спортын хөгжлийн төв /БТСХТ/ нь Монголиан Риэл Эстэйт Групп ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт лхагва гарагт гарын үсэг зурав.

Уг санамж бичгийн дагуу Монгол Улсад зохион байгуулах олон улсын чанартай болон бусад спортын арга хэмжээний мэдээллийг олон улсын стандарт жишгийн дагуу онлайн орчинд байршуулах, спортын хороо болон холбоодтой хамтран спортын арга хэмжээг идэвхтэй зохион байгуулах юм. Мөн дэлхийд сурталчилан таниулах, Монгол Улсад олон улсын чанартай спортын арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллана.

Монголиан Риэл Эстэйт Групп ХХК нь 2014 оноос аялал жуулчлалын “Travel Mongolia”, дотоодын “UneguiHurgelt” нэртэй гар утасны аппликэйшнуудыг олон улсын программ хангамжийн багийн тусламжтай хөгжүүлж, Google компанийн PlayStore, Apple компанийн Appstore дээр байршуулжээ.

Уг технологийн шийдлийн тусламжтайгаар Монгол Улсын БТС-ын бүхий л арга хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн дэлхий дахинд болон дотооддоо сурталчилах шинэлэг шийдлийг цогцоор нь бүрдүүлсэн байна. Тус компанийн хөгжүүлсэн гар утасны аппликэйшн нь үндсэн 9 хэл дээр гарна. Спортын болон бусад арга хэмжээ, Зочид буудлын хайлт/захиалга,  Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдаа,  дотоодын аялал гэсэн 4 хэсэг байх юм. Мөн нэмэлтээр дотоодын байгууллагуудын байршил/үнэгүй лавлах, 24 цагийн харилцагчийн үйлчилгээ зэргийг цогц шийдсэн Монголдоо цорын ганц аппликэйшн гэж болно.

Аппликэйшнээр дамжуулан спорт хороо болон холбоод өөрийн гэсэн онцлогтой эвент/арга хэмжээг зөвхөн мэргэжлийн гэлтгүй сонирхогчдын түвшинд зохиож нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Гар утасны аппликэйшн нь олон улсын стандартын дагуу хэрэглэхэд хялбар ойлгомжтойгоос гадна төлбөр тооцоог шууд хийх боломжтой.

Д.Өлзий

Холбоотой мэдээ